Эх хэл бол нийгмийн баялаг- Эх хэлээ хайрлацгаая!
Өнөөдөр “Олон улсын эх хэлний өдөр” тохиож байна. Энэ өдөр улс үндэстэн бүр өөр өөрийн үндэсний бичиг үсгээрээ бахархах, олон нийтэд суртачлах, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр “Олон улсын эх хэлний өдөр” тохиож байна. Энэ өдөр улс үндэстэн бүр өөр өөрийн үндэсний бичиг үсгээрээ бахархах, олон нийтэд суртачлах, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай билээ.
“Олон улсын эх хэлний өдөр” –ийг тохиолдуулан Монголын Үндэсний музейгээс Монгол хүн бүр “Чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэл” –ээрээ зөв сайхан ярьж, “Босоо монгол бичиг”-ээрээ алдаагүй цэвэр бичиж, эх хэлнийхээ дархлааг бэхжүүлэхийг уриалж байна. Монголын Үндэсний музейд "Чингисийн чулууны бичиг", "Мөнх хааны гэрэл хөшөө" -нд тулгуурласан музейн боловсролын хөтөлбөр хүүхэд залууст нээлттэй ажилладаг. Эх хэлээ хайрлан эх түүхээ судлая!
Монгол хэл нь Алтай язгуурын хэлэнд багтах бөгөөд Монгол улсын албан ёсны хэл юм. Дэлхий дээр ӨМӨЗО болон Монгол Улсын хил дагуу амьдардаг Оросын Монгол угсаатнууд зэрэг 10 сая орчим хүн монгол хэлээр ярьдаг гэсэн судалгаа байдаг.
Монголын эзэнт гүрний үед Чингис хааны бичгийн их түшмэл Тататунга Уйгар бичгийг үндэс болгон монгол бичгийг зохиосноор монголчууд төрийн албан хэргээ монгол бичгээр /уйгаржин/ хөтөлж эхэлсэн гэж түүхэнд тэмдэглэжээ. Гэвч монгол угсаатан он цаг түүхийн хугацаанд өөрсдийн хэрэглээ, соёлдоо тохируулан бичиг үсгээ халж сайжруулах, сольж өөрчлөх оролдлого цөөнгүй хийсээр ирсний тод жишээ бол түүхэндээ 10 гаруй бичиг зохион хэрэглэсэн явдал юм. Монголчуудын түүхэндээ хэрэглэж ирсэн энэ 10 гаруй бичгийн дотроос хамгийн урт удаан хэрэглэж буй нь одоогийн бидний мэдэх монгол бичиг билээ.
Монголчуудын уйгуржин монгол үсгийг хэрэглэж байсны дараах хамгийн анхны өөрчлөлт нь 1269 онд Хубилай сэцэн хааны зарлигаар Пагва лам Лодойжалцан Түвэд үсгийн цагаан толгойд суурилж зохиосон “Дөрвөлжин үсэг” юм. Уг бичиг нь Юан улсын харьяан дахь олон үндэстэнд зориулагдсан бөгөөд Юань улс тогтнож байсан хугацаанд хэрэглэгдэж байжээ.
XYI зууны сүүлч буюу 1587 онд Харчины монгол хэл бичгийн эрдэмтэн Аюуш гүүш санскрит, түвэд цагаан толгойд үндэслэн харь хэлний үгийг тэмдэглэх тусгай тэмдэг “Али-Гали” үсгийг зохиож тухайн үед зөвхөн бурхны шашны ном судрыг монгол хэлээр орчуулахад харь хэлний үгийг үсэгчлэн буулгах тэмдэг болж байсан байна.
Ойрдын заяа бандид Намхайжамц 1648 онд уйгуржин монгол үсгийн цагаан толгойг үндэслэн ойрд аялгуунд тохируулан нэгэн үсэг зохиосон бөгөөд энэ нь ойрд монголчуудын дунд 300 гаруй жил хэрэглэгдсэн Тод бичиг билээ. Тод бичиг нь авиа тэмдэглэх дүрэм, бичлэгийн хэлбэр, зөв бичих дүрмийн хувьд нэлээн өвөрмөц онцлог бүхий үсэг байв.
XYII зууны сүүлч буюу 1686 онд Халхын анхдугаар Богд Гомбодоржийн Занабазар Энэтхэг, Ланз, Нагар үсгүүдийг үндэслэн Соёмбо үсгийг зохиожээ. Энэ бичиг нь голчлон шашны ном судрыг орчуулахад хэрэглэгдэж байсан бөгөөд хоёр зуу гаруй жил болсон бөгөөд Соёмбо үсгийн эхний бирга тэмдэг нь Монгол улсын туг далбаан дээр өнөөдрийг хүртэл бэлгэ тэмдэг болон уламжлагдан ирсэн.
1905 онд буриад лам Агваандорж монгол, тод үсэгт тулгуурлан, буриад нутгийн аялгуунд зохицуулсан нэгэн шинэ үсэг зохиожээ. Зохиогч өөрийн Агваандорж гэх нэрээ санскритаар орчуулж “вагиндра ” гэж зохиолынхоо эцэст тавьсанаас үүдэлтэйгээр “вагиндра үсэг” гэж нэрлэгдсэн бөгөөд Вагиндра үсэг нь зөвхөн байгаль нуурын хойд хэсгийн буриад монголчуудын дунд тун богино хугацаанд хэрэглэгджээ.
Одоогийн бидний хэрэглэж байгаа “ шинэ монгол үсэг” нь Грек үсгээс гаралтай бөгөөд Болгарын Кирилл, Мефодий гэгээнтүүд түүнийг стандартчилсан гэдэг. Монгол улс 1941 онд кирилл үсэг бичгийг дэлгэрүүлэх тогтоол гаргаж байсан боловч 1946 оноос албан ёсоор бүх нийтээр хэрэглэж эхэлсэн байна.

Монголын Үндэсний музей


















