Эрчим хүчний салбарын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах Ажлын хэсэг хуралдлаа
Эрчим хүчний салбарын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай удирдлаа.
Мэдээллийн алба

Эрчим хүчний салбарын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай удирдлаа.
Ажлын хэсгийн хуралд эрчим хүчний салбарын 43 ААН, байгууллагуудын ерөнхий инженерүүд оролцож, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд салбарын үйлдвэр, компаниудын их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, төлөвлөсөн хугацаанд нь гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэв.
Үйлдвэр, компани тус бүр 2023 оны их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ /ТЗБАХ/, хөрөнгө оруулалтын ажлын явц, 2023-2024 оны өвлийн их ачааллыг давах бэлтгэл ажлын гүйцэтгэл, төлөвлөгөөт хугацаанаас хоцорч буй ажил болон бусад тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өглөө.
Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 2023 оны есдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар дунджаар 74 хувьтай байгаа нь өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулахад нэг хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Дэд сайд М.Баярмагнай өвөлжилтийн бэлтгэл ажлуудыг эрчимжүүлж, өвлийн оргил ачаалал эхлэхээс өмнө буюу 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр гэхэд дуусгах, засварын ажлын гүйцэтгэлийн чанарт анхаарч, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулан ажиллахыг үйлдвэр, компаниудын ерөнхий инженерүүдэд үүрэг болголоо.

Эх сурвалж: Эрчим хүчний яам


















