Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эрхий гурав ороох сур ...

Өвгөн өгүүлрүүн: Аав минь хэлдэг байсан юм. “Сурыг шинээр нь битгий хадгалж байгаарай. Татлага, хазаар, чөдөр алийг нь ч тэр нэг хэсэг хэрэглэж байгаад далд хийж бай. Муудаж, хэврэгшдэггүй юм” гэж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Эрхий гурав ороох сур ...
Эрхий гурав ороох сур .... Зураг: МҮОНРТ

Өвгөн өгүүлрүүн: Би төмөр модоор ер нь юм хийж, хийх гэж оролдоогүй. Харин манай ах тэмээн тэрэгний дугуй гээд төмрөөр юу л бол юу хийчихдэг хүн байсан. Надад ахын минь хийж өгсөн тэрэг хэд хэд бий. Харин би сураар эгэл боргил ч гэлээ адуу, тэмээнийхээ бүх л эдлэл, хэрэглээг гайгүйхэн хийх гэж оролдсоор өдийг хүрлээ.

Хөгшин нь өгүүлрүүн: Манайх тэмээн тэргээрээ л нүүдэг. Өнөө хэр тэгж нүүсээр байна. Хөл гар сайн, залуу байхад тэмээгээ хөллөхөд нь нэг арлыг нь өргөлцөөд л өгнө шүү дээ. Хүүхдүүд бага байж. Хүйтэн нойтонд багачуулаа мөхлөг тэргэнд дулаалаад суулгачихна. Тэнд нь заримдаа багахан гал түлээд өгчихнө. Одоо ч тэрэг хөллөгөө энэ тэрд санаа байвч тамир барагдаж дээ.

Өвгөн өгүүлрүүн: Аав минь хэлдэг байсан юм. “Сурыг шинээр нь битгий хадгалж байгаарай. Татлага, хазаар, чөдөр алийг нь ч тэр нэг хэсэг хэрэглэж байгаад далд хийж бай. Муудаж, хэврэгшдэггүй юм” гэж.

Ихэр зээ нь өгүүлрүүн: Өвөө биднийг айл болоход давхар суран хазаар, ногт чөдөр гээд бүх л суран хэрэглээг минь бэлдэж өгсөн.

Нэрт угсаатан зүйч С.Бадамхатан өгүүлрүүн: Хөллөх малын төрөл байдалд тэрэгний дугуйн хүнд хөнгөн, өндөр нам, тэрчлэн арлын гуяны хоорондох зайг сайтар тохируулах бөгөөд тэмээн тэрэг хөнгөн мөөртэй, өндөр дугуй бүхий байх онцлогтой. Халх Монголчуудын мал аж ахуйн тоног хэрэгсэл, тэдгээрийг хийх арга нь зөвхөн Монголчуудын эдийн соёлд төдийгүй Евразийн нүүдэлчин ард түмний түүх, соёл иргэншилд оруулсан хувь нэмрийн нэг мөн. /С.Бдамхатан. БНМАУ-ын угсаатны зүй. I боть. Халхын угсаатны зүй. УБ.,1987. 119 дүгээр тал/

Өвгөн өгүүлрүүн: Би ер нь машин, мотоцикль хэрэглэж, унаж үзээгүй.

“Эгэл” өгүүлрүүн: Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан баг, Монгол Улсын гавьяат малчин Д.Дашзэвэг гуайн гадаа угсраатай 30 гаруй тэмээн тэрэг бий. Эдгээр нь чингэлэг голдуу. Мөн мөхлөг /хүүхэд хөгшид суулгадаг хаалга, цонх, зуух яндантай чингэлэг хэлбэрийн тэрэг/, усны гантай, аргал түлшний хашлагат, гэр ачих задгай, хашаа хороо тээхэд зориулсан нүцгэн гээд олон янз байх аж. Хайрлаж, хадгалсан арав шахуу хуучны хос дугуй мөн үзүүлж байна. Хаант оросын үед үхэр буу зэрэг зэвсэг техникт хэрэглэж байсан болов уу гэмээр модон хигээс, төмөр мөөртэй гоё чамин, бат бөх дугуйнуудаа их хайрлаж гамнадаг нь илт. Энэ дугуйнуудаа тэргэнд угсраатай ил байлгаад байвал нар салхинд онгож элэгдээд хэрэглэх аргагүй болно гэж хаширлан битүү юманд хадгалдаг гэнэ. Мөн гэрийн ардах чингэлэгтээ хадгалсан суран эдлэлээ үзүүлж байна. Татлага гэхэд хэрэглэж байгаатайгаа хорь шахуу, хазаарын толгой мөн тэр тооны, гурамсан суран чөдөр гуч гаруй бий гэнэ. Тэмээний хөллөгөө, тоног хэрэгсэлд нь харъя гэвч өвсний боодлын цагаан мяндас, зах дэлгүүрт зардаг метрийн дээс олс үгүй ажээ. Хуучны үгэнд бий дээ “Эр хүнд эрхий гурав ороох сур хэрэг болдог” гэж.
Өвгөн өгүүлрүүн: Татлага сур, хазаар ногт, чөдөр тушаа хэзээд хэрэг болно...

“Эгэл” төсөл

Хуваалцах