Говийн хашаалсан талбайд үр, усалгаа шаардахгүйгээр суль, цулхир ургажээ
суль, цулхир хэмээх “шидэт” ургамал элсний чийгтэй хэсэгт 15-20 см гүнд тархдаг. Суль 170 см хүртэл, цулхир 60 см өндөр ургадаг
Мэдээллийн алба

Говь нутгийн их элсний нүүдлийг тогтоогч нь ургамал. Дэлхийн байгаль хамгаалах сангаас Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын иргэдтэй хамтран хоёр жилийн өмнө тус сумын төвийн хойд хэсэгт 24 га газрыг хашиж, хамгаалалтад авсан. Тэгвэл хамгаалалтад авсан талбай усалгаа хийж, үр ч цацаагүй ч байгалийн жамаар сэргэжээ. Түүнчлэн хашаалсан талбайн дотор талд ес, гадна талд дөрвөн цэг сонгож, ургамлын судалгаа хийхэд хашсан талбайд 16 зүйлийн ургамал ургаж, нийт ургамлын дундаж жин 453.25 гр, бүрхэц 20.25, зүйлийн бүрдэл нь 3.6 хувь болсон байжээ. Харин тус талбайн гадна талд ургамлын дундаж жин 7.6 гр, бүрхэц хоёр, зүйлийн бүрдэл нь 0.5-тай байгаа аж.
Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын иргэд дээрх ургамлын талаар хэлэлцэж, сулийн нэг залаа нэг түрүүнд 75-1080 ширхэг үр гүйцэд боловсорсны ард түүж хэрэглэх, сулийг наймдугаар сарын 1, цулхирыг аравдугаар сарын 1-нээс хойш түүх нь зүйтэй гэсэн саналыг сумын иргэдийн хурлаар оруулж хэлэлцүүлэхээр болжээ.
Сонирхуулахад, суль, цулхир хэмээх “шидэт” ургамал элсний чийгтэй хэсэгт 15-20 см гүнд тархдаг. Суль 170 см хүртэл, цулхир 60 см өндөр ургадаг юм.


















