Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хар-Ус нуурын Цагаан голын арлуудад хотон ирж зусдаг, өндөглөдөг болжээ

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Хар-Ус нуурын БЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдтэй хамтран далавч нь гаднын нөлөөтэй гэмтээд эдгэрсэн хотон шувууг нууранд нь буцаан тавьжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
Хар-Ус нуурын Цагаан голын арлуудад хотон ирж зусдаг, өндөглөдөг болжээ
Хар-Ус нуурын Цагаан голын арлуудад хотон ирж зусдаг, өндөглөдөг болжээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Хар-Ус нуурын БЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдтэй хамтран далавч нь гаднын нөлөөтэй гэмтээд эдгэрсэн хотон шувууг нууранд нь буцаан тавьжээ.

Эргэн сануулахад, 2020 оны 11 дүгээр сарын 8-нд “Хар-Ус нууранд нисэж чадахгүй хотон шувуу байна” гэсэн мэдээллийн дагуу Хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд очиж хотон шувуу олжээ. Хотонд үзлэг хийхэд ямар нэгэн өвчний шинж тэмдэг байгаагүй. Харин гаднын нөлөөгөөр далавч нь гэмтсэн байж. Улмаар Хамгаалалтын захиргааныхан уг шувууг экологич Ц.Ганболдоор асруулахаар болсон. Ц.Ганболд өмнө нь 2018 онд шархадсан хотон шувуу тэжээж, эдгээгээд ижил сүрэгт нь нийлүүлж тавьсан туршлагатай юм.

Энэ талаар Ц.Ганболд “Саяхан байгальд нь тавьсан хотонг “Азбаяр” гэдэг. Миний хувьд 2018 онд шархадсан хотон тэжээсэн туршлагатай болохоор гэртээ авчраад тэжээсэн. Ингээд хагас жил тэжээгээд тавдугаар сарын 8-нд Дэлхийн шувуу хамгаалах өдрөөр Хар-Ус нуурт тавилаа. Баруун далавч нь өнгөрсөн оны долоо эсвэл наймдугаар сард гэмтээд арваннэгдүгээр сар гэхэд буруу эдгээд нисч чадахгүй болчихсон байсан. Тэжээж байх хугацаандаа Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт рентген зураг авахуулсан. Далавчных нь нэг, хоёрдугаар үе гэмтсэн байна гэсэн. Монголд эмчлэх боломжгүй юм билээ. Харин Солонгос, Японд ийм төрлийн эмчилгээг хийх боломжтой. Уг нь эрүүл далавчтай болгоод, нисч чаддаг болгоод явуулчих юмсан. Гэхдээ цар тахалтай байгаа болохоор хаашаа ч авч явж болохгүй байна. “Азхүү”-гийн хувьд (2018 онд тэжээсэн шувуу нь) шинэ шархтай ирсэн болохоор эмчилгээ хийж далавч нь зөв эдгээд хэвийн нисдэг болсон билээ. Тиймээс “Азхүү”-г шууд сүрэгт нь нийлүүлсэн. Харин “Азбаяр” маань нисч чадахгүй болохоор түүнд зориулсан орчин, талбай хэрэгтэй. Тиймээс талбай томтой хавтан хийж өгсөн. Үүнийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүжилтээр хийсэн. “Азбаяр”-ынхаа өмнөөс маш их баярлаад байгаа шүү” гэв.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар өмнө нь 2018 онд “Азхүү”-г өнтэй өвөлжихөд дэм болгож амьдрах орчны зардлыг санхүүжүүлж байсан юм.

Сонирхуулахад, борцгор хотон олон улсын хэмжээнд “Ховордож болзошгүй” ангилалд орсон бол Монгол оронд “Устаж байгаа” ангилалд байдаг нэн ховор шувуу. Борцгор хотон манай орны баруун бүс нутагт Их нууруудын хотгорын Хар-Ус, Хар, Айраг, Хяргас зэрэг томоохон нууруудад тархан үрждэг байсан бол сүүлийн 20 гаруй жилд тоо толгой нь эрс цөөрч зөвхөн Хар-Ус, Айраг нууранд цөөн тоогоор үржих болсон. Хар-Ус нуур дэлхий дээрх борцгор хотонгийн Зүүн Азийн популяцын үржлийн чухал нутаг юм. Борцгор хотонгийн тоо толгой нь Монгол орны хэмжээнд 110-120 гэж судлаачид дүгнэсэн байдаг.

Үүнээс гадна Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нэн ховор борцгор хотон хамгааллын ажилд олон жилийн өмнөөс анхаарал хандуулан ажиллаж байна. 2009 оныг хүртэл 10-аад жил хотон өндөглөн зусахаа больсон нь малчид Хар-Ус нуурын Цагаан голын бэлчээрийг чөлөөлдөггүй байсантай холбоотой аж. Иймд мэргэжлийн судлаачид бэлчээрийн судалгаа хийж Цагаан голын бэлчээрийн даац гурав дахин хэтэрснийг тогтоож, судалгааны үр дүнг малчдад ойлгуулах ажил хийсэн билээ. Үүний үр дүнд гурван сумын гурван багийн малчдаас бүрдсэн Бэлчээр ашиглагчдын зөвлөл байгуулагдан жил бүрийн 4 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 20 хүртэл арлыг чөлөөлж эхэлснээр борцгор хотон өөрийн амьдардаг байсан нуурандаа эргэн ирэх таатай орчин бүрдсэн билээ. Энэ цагаас эхлэн Хар-Ус нуурын Цагаан голын арлуудад хотон тасралтгүй ирж өндөглөн зусдаг болсон нь хотонгийн гэр болсон арлыг тодорхой хугацаанд чөлөөлсөнтэй холбоотой. 2013 онд хийсэн тооллогоор Хар-Ус нуурт 62 бодгаль хотон тоологдсон гэдгийг доктор О.Мөнхтогтох хэлсэн юм.

Хошуугаар нь хурдан морины хусуур хийх зорилгоор хууль бусаар агнадаг. Сүүлийн хоёр жил дараалан хотон агнагдсан байгаа нь үнэхээр харамсалтай хэрэг. Дээр дурдсан “Азхүү”, “Азбаяр” хоёр бол үүний тод жишээ. Иймд Ховд аймгийн ИТХ, Хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран “Ховдын бэлэгдэлт хотон шувуугаа хамгаалцгаая” аяныг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд Ховд аймгийн уяачид “хотонгийн хошуугаар хийсэн хусуур хэрэглэхгүй” гэсэн амлалтыг өгч бусдыг уриалсан бол байгууллагууд хуулийн сурталчилгаа бүхий найман самбар байршуулж олон нийтийн анхаарлыг хандуулаад байна.

Эх сурвалж: Дэлхийн байгаль хамгаалах сан

Хуваалцах