Хэрэв бид цэрэг дайчидгүй байсан бол том иргэншлүүдэд аль хэдийн уусах байсан
100 жилийнхээ түүхийг бичиж байгаа орчин цагийн Зэвсэгт хүчний талаар урлаг, соёл, спортын алдартан болон судлаачид ийн ярьж байна.
Мэдээллийн алба

100 жилийнхээ түүхийг бичиж байгаа орчин цагийн Зэвсэгт хүчний талаар урлаг, соёл, спортын алдартан болон судлаачид ийн ярьж байна.
Сэтгүүлч, зохиолч, судлаач Г.Бадамсамбуу: -Өнөөдөр Зэвсэгт хүчин эх орондоо олон талын дэмжлэг, туслалцаа үзүүлж байна. Нэгдүгээрт, үндсэн үүрэг болох эх орноо батлан хамгаалах. Энэ нь мэдээж бэлэн байдал, бэлтгэлжилтээ дээшлүүлэх хүрээнд өдөр тутмынхаа үйл ажиллагаагаар гүйцэтгэгдээд явж байгаа ажил.
Хоёрдугаарт, даян дэлхийд энхийг сахиулагчдаа илгээж олон улсад сурталчилж, байр суурийг нь улам бэхжүүлж байна. Өөрөөр хэлбэл, Зэвсэгт хүчин үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар сахин хамгаалахад Монголын төрд тусламж үзүүлж байна. Энэ бол маш чухал асуудал. Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцох нь дэлхий дахин, бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг тогтоох үйлсэд Монгол Улсын оролцоог илэрхийлсэн нэрийн хуудас юм. Энхийг сахиулагчид маань ч үүрэг гүйцэтгэлтээрээ шалгарч, бусад орнуудад сайшаагдаж байгаа нь том зорилгыг бидэнд авчирч байна.
Гуравдугаарт, улс орныхоо бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлж байна. Цэрэг дайчид өнөөдөр л гэнэт төмөр зам, авто зам бариад эхлээгүй юм. Тэртээ түүхийн хүнд жилүүдэд цэрэг дайчид л энэ хотуудыг сүндэрлүүлж, авто зам барьж, хөдөө аж ахуйг хөгжүүлж, бусад салбаруудын эхлэлүүдийг өрсөн шүү дээ. Иргэний нисэхийн салбар, авто замын салбар гээд нэрлэвэл олон байх. Энэ их сайн арга. Төрд ийм механизм хэрэгтэй.
Дөрөвдүгээрт, эх орондоо зөв сэтгэл, тэмүүлэл, сахилга бат, дэг журамтай зөв иргэнийг бэлтгэх үүрэг юм. Миний хувьд энэ үүргээ улам бэхжүүлж, хүрээг нь өргөн болгоосой гэж хардаг. Өнөөдөр амьдрах чадвараас зайлсхийсэн иргэншлийн үе ирчихсэн байна. Компьютер, гар утаснаас эхлээд бүгд техникжсэн, тийм нэг сул дорой, хэт их нялхамсуу, хэт их соёлжуу иргэн болон төлөвшиж байна. Хэт их соёлжуу, нялхамсуу, технологижсон байх нь бүтээлч чадварыг сулруулдаг талтай. Энэ утгаар нь 18 нас хүрсэн эрэгтэй хүн бүрийг заавал цэргийн албаар дамжуулан жинхэнэ эр хүн, жинхэнэ иргэн болгоход Зэвсэгт хүчин онцгойлон ажиллах ёстой. Одоо ч ажиллаж байгаа л даа. Цэргийн алба нь ажил, амьдралаа аваад явах тэсвэр хатуужил, эх орон, ард түмнээ хайрлаж дээдлэх итгэл үнэмшил, хүнд хэрэгтэй сайн чанар бүхнийг төлөвшүүлэх шалгарсан арга, хосгүй сургалт гэдэг. Хүүгээ сайн хүн болгохын тулд үеийн үед уламжлан хэрэгжүүлж ирсэн манай өвөг дээдсийн нандин өв. Энэ утгаар нь цэргийн албыг биеэр хаахад нь гол анхаарлаа хандуулж, бусад төрлүүдийг нь харьцангуй багасгах ёстой. Яг үнэндээ миний дээд үе буу бариад гарахад л бэлэн хүмүүс байсан шүү дээ. Харин миний үеэс эхлээд аажим аажмаар буурч, өнөөдрийн нийгэмд бүр эмэгтэйлэг эрчүүд гарч ирж байх жишээтэй. Энэ байдал удаан үргэлжилбэл магадгүй сайн зүйл бидэнд авчрахгүй.
Гэхдээ орчин үеийн залуус цэрэгт явах сонирхол ихтэй болсон гэж дуулдаж байгаа, тийм бол маш сайн байна. Ер нь судалгааны явцад анзаарагдсан зүйл нь Монгол Улс олон мянган жилийн түүхэнд энэ их олон гүрэн, улс оронд дагаар оролгүй оршин байгаагийн шалтгаан нь цэргийн зохион байгуулалт бүхий орон байсантай холбоотой. Хэрэв бид цэргийн бүтэцгүй байсан бол Монгол гэж байхгүй, энэ том иргэншлүүдэд аль хэдийн ууссан байх байсан. Энэ үнэн шүү.
Ахлах дэслэгч Д.Болормаа


















