Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн зөрчил буурахгүй байна

Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн горим алдагдсанаас болж хэрэглэгчид чанаргүй бүтээгдэхүүн худалдан авах, худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд алдагдалд орох зэрэг олон асуудал үүсдэг.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн зөрчил буурахгүй байна
Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн зөрчил буурахгүй байна. Зураг: МҮОНРТ

Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн горим алдагдсанаас болж хэрэглэгчид чанаргүй бүтээгдэхүүн худалдан авах, худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд алдагдалд орох зэрэг олон асуудал үүсдэг. Тиймээс энэ төрлийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн нөхцөл байдлыг хэрхэн сайжруулах тухай сэдвээр өнөөдөр салбарынхан хувийн хэвшлийн төлөөлөгчидтэй хамтран сургалт семинар зохион байгууллаа.

Орос, Хятад хоёр их гүрэн өөр өөр стандартыг баримталдаг нь манай улсын компаниудын хувьд хил дамнуулан хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт хийхэд хамгийн том хүндрэл болдог байна. Түүнчлэн манай дотоодын дүрэм журам хоёр хөршийнхөөс өөр байдаг нь тээвэрлэлт хийхэд мөн л хүндрэл дагуулсаар иржээ. Ийм байдал нь тээвэрлэлтийн горим алдагдаж, зөрчил үүсэх шалтгаан болдог байна.

Тээврийн салбарт нэгдсэн бодлого, дагаж мөрдөх журам байдаггүй нь үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа компаниуд хэвийн ажиллахад тушаа болдог тухай зарим компанийнхан хэлж байлаа. Төрийн байгууллагуудын зүгээс ч нэгдсэн бодлогоор ажиллах сонирхолтой байдаг ч нэг сайд, дарга солигдохоор л өөрчлөлт бий болдог учраас тууштай дагаж мөрдөх журам гаргах ч боломжгүй нөхцөлд байдгаа тэд хэлж байна.

Өнөөдөр болсон салбарынхны уулзалтад хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан сургалтанд 30 гаруй компанийн 50 гаруй төлөөлөгч оролцлоо. Тэд зөвхөн тулгарч байгаа бэрхшээлийг яриад зогсохгүй энэ салбарт хэрэгжүүлж байгаа дэвшилтэт арга туршлагаасаа хуваалцан санал солилцсон юм.

Хуваалцах