ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Увс аймгийн иргэд, хууль сахиулах салбарын алба хаагчидтай уулзлаа
Мэдээллийн алба

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Увс аймагт ажиллаж, нутгийн иргэд болон хууль сахиулах салбарын алба хаагчидтай уулзлаа.
Уулзалтаар ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй “Эрх зүйт төр – Иргэний итгэлцлийн реформ”-ын бодлого, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг иргэдэд илүү хүртээмжтэй, шуурхай, нээлттэй болгох, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрийн үйлчилгээг боловсронгуй болгох чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, ажлынхаа талаар танилцууллаа.
Мөн ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Увс аймгийн цагдаа, дотоодын цэрэг, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүх шинжилгээний байгууллагын зарим ажилтан албан хаагчдад шагнал гардууллаа.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Хууль зүй, дотоод хэргийн салбарын байгууллагуудын уялдаа холбоо, бүтээмжийг сайжруулж, нэгдсэн системээр ажилладаг тогтолцоог бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хурдан, шуурхай, шударга хүргэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Хууль зүй, дотоод хэргийн салбарын алба хаагчдын мэдлэг, ур чадвар, ёс зүйг дээшлүүлэхийн зэрэгцээ ажиллах орчин нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах нь салбарын бодлогын чухал зорилтын нэг юм. Энэ хүрээнд 2027 оны улсын төсөвт хууль зүй, дотоод хэргийн салбарын нийт алба хаагчид, хууль сахиулагчдын үндсэн цалинг 20 хувь, онцгой нөхцөлийн нэмэгдлийг 30 хувь болгон нэмэгдүүлэх, мөн өдрийн хоол, унааны мөнгийг нэмэгдүүлэхээр тусгаад байна” хэмээн онцоллоо.




















