Мөрөн, Баянхонгор, Алтай чиглэлд нөхөн олговортой нислэгийн үйлчилгээ эхлүүллээ
“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын хүрээнд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлд долоо хоногт нэг удаа
Мэдээллийн алба

“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын хүрээнд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлд долоо хоногт нэг удаа, Баянхонгор аймгийн Баянхонгор чиглэлд долоо хоногт нэг удаа, Говь-Алтай аймгийн Алтай чиглэлд долоо хоногт хоёр удаагийн давтамжтай тогтмол нислэг үйлдэж эхэллээ.
Дээрх бодлогын баримт бичигт, дотоодын агаарын тээврийн үйлчилгээг алслагдсан бүс, орон нутгийн иргэдэд хүргэхэд чиглүүлэх, төрөөс алслагдсан бүс нутагт агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”-ийг боловсруулж хэрэгжүүлнэ гэж заасан байдаг.
Нислэгийг “Аэромонголиа” авиа компани үйлдэж байна. Ингэхдээ Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлд нэг талдаа 119,000 төгрөг, хоёр талдаа 238,000 төгрөг, Улаанбаатар-Мөрөн-Улаанбаатар чиглэлд нэг талдаа 125,000 төгрөг, хоёр талдаа 250,000 төгрөг, Улаанбаатар-Баянхонгор-Улаанбаатар чиглэлд нэг талдаа 166,000 төгрөг, хоёр талдаа 332,000 төгрөгийн тарифаар ард иргэдэд тийзээ борлуулж байгаа аж.


















