Н.Алтанхуяг: Энэ бол миний нэр хүндийг унагаах гэсэн оролдлогуудын нэг
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр түүний ахлах зөвлөх Л.Гансүхийн шүүх хуралд гэрчээр оролцсон. Гэвч шүүх хурал гэрч дутуу гэсэн шалтгаанаар дахин хойшлоод байгаа юм.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр түүний ахлах зөвлөх Л.Гансүхийн шүүх хуралд гэрчээр оролцсон. Гэвч шүүх хурал гэрч дутуу гэсэн шалтгаанаар дахин хойшлоод байгаа юм.
Шүүх хуралдааны дараа УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Шүүх хурал хойшилж, шүүгдэгчдийг хорих шийдвэр гаргалаа. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Дөнгөж сая шүүх хурал нь хойшиллоо. Энэхүү зохиомол хэргийг бий болгосон гол гэрч гэж нэрлэгдэж байгаа, шинжээчийн дүгнэлт гаргаад хохирол учирсан гэж хэлээд байгаа хүн нь өөрөө өнөөдөр ирсэнгүй. Шүүхээс гурван ч удаа ир гэж дуудсан боловч ирээгүй байна. Мөн Багануурын уурхайг хохирсон гэх зүйл ярьсан хүн нь ч ирээгүй. Зохиомлоор үүсгэсэн хэргийн хүмүүс нь ирэхгүй болохоор өнөөдөр Л.Гансүх нарын гурван хүнийг шоронд хорьж байна. Энэ нь Монгол Улс шоронжсон гэдгийг тод томруунаар харуулж байгаа төдийгүй улс төрийн зорилготойг харуулж байгаа.
-Та “Нүүрс” хөтөлбөр ямар ч асуудалгүй байсан гэж батлаад байдаг. Гэтэл яагаад Л.Гансүх ийм хэрэгт холбогдов?
-Энэ бол цэвэр улс төрийн зорилготой ажил. Н.Алтанхуягийн нэр хүнд, Засгийн газрыг унагаах гэж хийсэн ажлуудын нэг. Ер нь иргэд мэдэж байгаа байх. Хоёр жил ажиллахад миний чих их халууцсан даа. Яахав бид чөмгөө дундартал зүтгэсэн. Гэтэл ерөөсөө л Шинэчлэлийн Засгийн газрыг унагах хүсэлтэй хэсэг бүлэг хүнд байсан. Би ард түмний төлөө ажиллах гэж гарч ирсэн Ерөнхий сайд болохоос биш бүлэглэл юм уу, нам дамнасан хэдэн хүний төлөө үйлчилдэг хүн биш гэдгийг анхнаасаа хэлж байсан. Ингэж байсныхаа төлөө анхнаасаа шахалт, дарамт олон зүйлд өртсөн. Манай охинд хүртэл хэрэг үүсгэж байсан. Миний ойр хавийн хүмүүсийг шоронд хийсэн. Ийм л байна.
Л.Гансүхтэй хамт шалгагдаж байгаа эмэгтэй зургаан сар шоронд сууж байна. Л.Гансүхийг гурван сар шоронд суулгаж байна. Нүүрсний хэрэг гэдгээр зургаан хүнийг шоронд хийсэн. 25-27 насны гурван залуу байгаа. Тэднийг ч бас зургаан сар хорьсон. Гэвч өнөөдөр тэднийг гэм буруугүй, нүүрсний хэрэгт холбоогүй гээд сууж байна. Залуу хүүхдийг шоронд 5-6 сар хорьчихоод шоронгоос гаргахдаа “Холбогдолгүй юм байна” гэдэг нь юу гэсэн үг вэ. Тэгснээ бүр болоогүй дахиад татварын гээд өөр хэрэг үүсгэчихэж. Энэ бол ерөөсөө улс төрийн зорилготой. Н.Алтанхуяг ба түүнийг тойрсон хүмүүс хээл хахууль, авлига авдаг гэсэн өөрсдийнхөө зохиосон домгийг хүчээр шийдэх бодлогын зүйл явж байна. Тиймээс би шүүх хуралд гэрчээр оролцоё гэж шийдсэн.
-Улс төрийн зорилготой гэдгийг та ямар үндэслэлээр батлан хэлж байгаа юм бэ?
-Улс төрийн зорилготой гэж би улайм цайм хэлээд байгаагийн учир манай Засгийн газар 11 дүгээр сарын 5-ны өдөр огцорсон. Гэтэл 11 дүгээр сарын 4-ний өдөр АТГ-ынхан гарч ирээд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх маш их хэмжээний хохирол учруулсан гэж албан ёсоор ард түмэнд хэлсэн. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахын тулд “Давхар дээл” гаргаж ирж, энэ нь уначихаар Л.Гансүх асуудлыг босгож ирсэн.Улмаар Л.Гансүхийг гурван сар хорьж тарчлаан, тамласан. Л.Гансүхтэй холбоотойгоор таван хүүхдийг 6 сар шоронд тамласан. Шорон гэдэг амралт биш. Хүнийг сэтгэл санаа, бие махбодь бүх зүйлээр нь дарладаг. Үүнээс болж Л.Гансүх хуруугаа хүртэл тайруулсан. Одоо бол Монголд юм хэрээс хэтэрч байна. “Даварсаар даварсаар Дагвын оронд” гэгчээр гадаадын байгууллагыг хүртэл энэ будлиандаа оруулж Монгол Улсын Их Хурал, гишүүний үйл ажиллагааг шүүмжлүүлдэг болж байна. Би үүнийг эсэргүүцэж бичиг өгсөн. Ер нь УИХ-ын хууль тогтоож байгаа үйл ажиллагаанд гадны байгууллага оролцож Монгол Улсын Ерөнхийлөгчид нөлөөлөх гэсэн нь буруу гэсэн. Тэгсэн бид буруу зүйл хийж хэмээн уучлал хүсч байсан.
-Та дараагийн шүүх хуралд мөн гэрчээр оролцох уу?
-Надад зузаан хавтас бий. Бичлэг, нотлох баримтыг бүрдүүлсэн. Би хоосон шүлс үсэргэж ярихгүй. Ард иргэддээ хандаж хэлмээр байна. Улаанбаатар хотод энэ хөтөлбөрийн үр ашгийг хүртсэн 170 мянгаад айл өрх бий. Та бүхэн үгээ хэлэх хэрэгтэй. Монголынхоо төлөө юм хийж болдоггүй, нам дамнасан хэдэн хүний төлөө ажиллах хэрэгтэй болж байгаа юм уу. “Нүүрс" хөтөлбөр хэрэгжихэд 800 гаруй мянган хүнд ажлын байр бий болсон. Портерийн жолоочтой хүртэл найзалж нэг системд оруулж ажиллаж явсан.
Улс төрийн зорилготой энэ хэргийн үнэн мөнийг олж, буруутгаж байгаа хүмүүс нь ч үгээ хэлж энэ хэрэг цагаадах байх гэдэгт эргэлзэхгүй байна. Ард иргэдийн нуруун дээр очиж байсан 200 мянган төгрөгийг 80 мянган төгрөг болгосон хүн цагаатгагдахгүй бол байж болохгүй зүйл. Энэ бол цөөн хүний захиалга. Яваандаа хэн гэдэг хүн юу хийгээд байсан нь харагдана биз.


















