Н.Номтойбаяр, Ж.Батсуурь нарыг дэмжих шийдвэр гаргалаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай болон Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай болон Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр өргөн мэдүүлсэн.
Үүнтэй холбогдуулан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өчигдөр 20 цаг 14 минутад 52.6 гишүүдийн хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Нямтайширийн Номтойбаярыг томилох тухай асуудал хэлэлцлээ.
Нэр дэвшигчийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулсны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Цогзолмаа, Б.Саранчимэг, С.Жавхлан нар үг хэллээ. Үг хэлсэн гишүүд салбараа мэддэг, туршлагатай хүн сайдад нэр дэвшиж байгаа нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлж байв. Мөн гадаад руу явах иргэдийн урсгал сүүлийн үед нэмэгдэж байгаа тул ажлын байрыг шийддэг бусад улс орны туршлагыг судлах, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр идэвх, санаачлагатай ажиллахыг хүсч, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Ингээд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилох санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн юм.
Дараа нь Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг томилох асуудлыг хэлэлцэж, нэр дэвшигчийн талаархи танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хийсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Н.Учрал, Ц.Цогзолмаа, С.Жавхлан, А.Ундраа, Б.Саранчимэг нар санал хэллээ. Тухайлахад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, багш мэргэжилтэй, профессор хүн салбарын сайдад нэр дэвшиж байгаа нь мэргэжлийн Засгийн газарт тохирч байна. Өнөөдөр 30 мянган хүүхэд эрсдэлтэй нөхцөлд гэртээ цоожтой үлдэж байна. Иймд юуны түрүүнд цэцэрлэгийн асуудалд анхаарал хандуулж орхигдуулахгүй байхад хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал, монгол хүүхдүүдийн оюун ухаан, сэтгэлгээний онцлогийг судалж чадахгүй байгаагаас гадны стандарт оруулж ирснээ оюутан залууст хүргэх асуудалд алдаа гарч байгааг хэлээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт боловсролын талаар авч хэрэгжүүлэхээр тусгасан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн төлөө идэвх санаачлагатай ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Ж.Батсуурийг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилохыг дэмжлээ.


















