"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
Мэдээллийн алба

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээ есдүгээр сарын 21-27-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба хамтран 21 дэх жилдээ тус арга хэмжээг зохион байгуулах бөгөөд энэ жил дотоодын үйлдвэрлэгчдийн шинэ ургацын төмс, хүнсний ногоо, мөөг, жимс, жимсгэнэ болон үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэнэ.
Түүнчлэн ХХААХҮ-ийн салбарын үйл ажиллагаа, үндэсний үйлдвэрлэгчдийг сурталчилсан арга хэмжээг өдөр бүр зохион байгуулах юм байна.
Хүнсний болон хөнгөн үйлдвэр, ЖДҮ-ийн салбар, орон нутаг, органик бүтээгдэхүүн, газар тариалан, нийслэлийн ногоочдод зориулсан нийт 218 асрыг ажиллуулахаар төлөвлөжээ.
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа нь Монгол орны 21 аймгийн брэнд бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах боломж олгодгоороо онцлогтой.
Түүнчлэн манай улсын тэргүүлэгч, манлай үйлдвэрүүд шинэ, шилдэг бүтээгдэхүүнээ танилцуулж хэрэглэгчдийн хүртээл болгодог юм.


















