Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан болов
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 18 дугаар хуралдаан 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр болж, дотоодын хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын бааз суурийг
Мэдээллийн алба

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 18 дугаар хуралдаан 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр болж, дотоодын хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын бааз суурийг нэмэгдүүлж, хамтын хөрөнгө оруулалтын сангууд бий болох, мэргэжлийн түвшинд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулах зохицуулалтын таатай орчин бүрдүүлэх зорилгоор “Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа.
Ингэхдээ сангийн активт тавих шаардлагыг илүү хөнгөвчилж зах зээлийн нөхцөл байдал, өөрийн орны онцлог болон олон улсын жишигт нийцүүлж боловсронгуй болгосон юм. Журмын нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалтын сангууд нэмэгдэж, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурь бэхжих, шинэ бүтээгдэхүүнүүдийн тоо өсөх цаашилбал гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх оролцоо, зах зээлд итгэх итгэл өссөнөөр хөрөнгийн зах зээлийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой.
УИХ-аас баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглосон. Хуулийн 56 дугаар зүйлийн 7-д “Энэ хуулийн 56 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан шалгуурыг мөрдүүлэх, хяналт тавихтай холбогдсон журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална” гэсэн заалттай холбогдуулж “Төрийн болон орон нутгийн өмчит нээлттэй хувьцаат компанийн хувьцааг эзэмшихтэй холбоотой хуульд заасан шалгуурыг мөрдүүлэх, хяналт тавих журам”-ыг боловсруулж тус хуралдаанаар баталлаа.
Мөн хуралдаанаар нэг компанид хамтын, нээлттэй хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэв. Ингэснээр энэ төрлийн 2 дахь сан манай улсад бий болж байна. Түүнчлэн нэг компанийн хамтын, нээлттэй сангийн нэгж эрхийн танилцуулгыг бүртгэсэн бөгөөд энэ танилцуулгынхаа хүрээнд олон нийтээс санхүүжилт татан төвлөрүүлсний дараа СЗХ-ноос тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэх юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


















