Сингапурт магистрын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрт Монголын шүүхийн шүүгч хамрагдана
Уг хөтөлбөрөөр мэргэшсэн, гүнзгийрүүлсэн хуулийн онол, практикийн хичээлүүд орох бөгөөд шүүхийн менежментийг шинэ түвшинд гаргах залуу шүүгчдийг бэлтгэх зорилготой аж
Мэдээллийн алба

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Сингапур улсын Шүүхийн коллеж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Сингапур улсын Шүүхийн коллеж, тус улсын Менежментийн их сургуулийн Хууль зүйн сургууль хамтран шүүгч нарт зориулсан магистрын сургалтад суралцах тэтгэлэгт/"Хууль зүйн ухааны магистрын зэрэг олгох/" хөтөлбөрийг зарлажээ.
Өнгөрсөн хугацаанд тус хөтөлбөрт Монгол Улсаас цөөнгүй тооны шүүгчид хамрагдах хүсэлтээ хүргүүлсэн бөгөөд Сингапур улсын Шүүхийн коллеж болон Сингапур улсын Менежментийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн хамтарсан сонгон шалгаруулах хороо дүнгээ гаргасан байна.
Сингапур улсын Менежментийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн Хууль зүйн ухааны магистрын зэрэг олгох 2020 оны хөтөлбөрт Монгол Улсаас Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ хамрагдахаар шалгарчээ.
Тус хөтөлбөр нь танхимын академик сургалтыг практиктай хослуулснаараа давуу талтай бөгөөд дэлхийн олон орны шүүгч нар хамрагдах юм. Уг хөтөлбөрөөр мэргэшсэн, гүнзгийрүүлсэн хуулийн онол, практикийн хичээлүүд орох бөгөөд шүүхийн менежментийг шинэ түвшинд гаргах залуу шүүгчдийг бэлтгэх зорилготой аж.


















