“Тэнгэрийн ирвэс” идлэг шонхор
Шонхрын нисэх хурд нь хуурай газрын амьтдын дунд хамгийн дээд хурд гэж тооцогддог.
Мэдээллийн алба

Идлэг шонхор (Falco cherrug) маш том биетэй шонхор юм. Энэ зүйлийн шонхор зүүн Европоос авахуулаад зүүн зүгт Манжуур хүртэл тархсан. Гол төлөв нүүдлийн шувуу. Харин өмнө зүгт нутагладаг зарим популяц нь нүүдэллэдэггүй. Нүүдлийн идлэг шонхор нь Этиоп, Арабын хойг, хойд Энэтхэг, баруун Хятадад өвөлждөг.
Монголд тархсан шонхруудаас өргөн тархалт, тоо толгойн хувьд харьцангуй элбэг тохиолддог шувуудын тоонд идлэг шонхор багтдаг байна. Идлэг шонхрын нэг хос 4-5 өндөг гаргаж, түүнээс 40-50 хувь нь бойждог. Цагт 320 км хүртэл хурдтайгаар нисэж, шумбах чадвартай, хүнээс 2,6 дахин нарийвчлалтай хардаг учраас шонхрыг заримдаа “Тэнгэрийн ирвэс” хэмээн нэрлэх нь бий.
Шонхрын нисэх хурд нь хуурай газрын амьтдын дунд хамгийн дээд хурд гэж тооцогддог. Шонхор махан идэшт зүйлийн шувуу бөгөөд дэлхий дээр 60 орчим зүйлийн шонхор шувуу байдгаас манайд цагаан, эгэл, идлэг, шилийн, начин, зээрд, амарын, турамтай, хайргуун, шууман гэсэн 10 зүйл нь байдаг хэмээн судлаачид тэмдэглэдэг. Шонхор нь зөвхөн бүлээн махаар хооллодог, үхсэн амьтдын сэг зэм хэзээ ч иддэггүй гэдгээрээ онцлогтой шувуу ажээ.
Мөн шонхор бусад анч шувууд шиг ангаа сахиж хүлээдэггүй, араас нь хөөж барьдаг, эрэмгий жигүүртэн ажээ. Өндрөөс шунгах, эсвэл араас хөөх гэсэн хоёр аргаар ангаа барьдаг байна. Мөн өөрөө үүр засдаггүй, бусад зүйл шувуудын зассан бэлэн үүрийг ашигладаг онцлогтой. Шонхор шувууд өвсөн тэжээлт мэрэгчид, жижиг шувуу, шавьж зэргээр хооллодог бөгөөд ингэснээрээ байгаль дээр тэнцвэржүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг гэнэ.
Манайд байдаг шонхор шувуудаас идлэг шонхор маш хурдтай, хүчтэй, дайчин шувуу. Тиймээс эрт үеэс хүмүүс ан авд ашигласаар иржээ. Манайд идлэг шонхрын үржлийн голлох том популяц оршдог хэмээн судлаачид үздэг юм.



















