Цаг уурын байгууллагын техник, хүний нөөцийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр \2026.06.04\ Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллаж, байгууллагын үйл ажиллагаанд тулгамдсан асуудлын талаар мэдээлэл авлаа.
Мэдээллийн алба

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр 2026 оны зургаадугаар сарын 04-ний өдөр Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллаж, байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл авлаа.
Энэ үеэр Шадар сайд Н.Номтойбаяр цаг уурын урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлэг нь улсын хэмжээнд стратегийн ач холбогдолтойг онцлов. Гамшгаас хамгаалах бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалт нь цаг уурын урьдчилсан мэдээлэлд тулгуурладаг тул тус байгууллагыг орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангах шаардлагатай гэдгийг тэрбээр хэллээ.
Цаг уур, орчны шинжилгээний газрын зүгээс цалин хөлстэй холбоотойгоор хүний нөөц хомстож, мэргэжилтэн бэлтгэгдэх нь багассан талаар танилцуулсан юм. Мөн дэлхий дахинд хэрэглэгдэж буй зарим багаж, техник тоног төхөөрөмж дутагдалтай байгааг мэдээлэв.
Шадар сайд Н.Номтойбаяр тус байгууллагын нэн тулгамдсан хэрэгцээ шаардлага, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл болон хүний нөөцийн чадамжийн талаар нарийвчилсан мэдээллийг яаралтай гаргаж танилцуулахыг үүрэг болголоо.
Уг мэдээлэлд үндэслэн тулгамдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхээр болов.



















