Төрийн цэрэг болон хууль сахиулах байгууллагуудын дунд нөхөрсөг цогцолбор тэмцээн зохион байгуулж байна
Цогцолбор тэмцээнээр 10 гаруй уралдааныг зохион явуулдаг бөгөөд энэ нь спортын төрлүүдээс эхлээд “Марш-тактик тусгай бэлтгэлийн аварга” шалгаруулах тэмцээн багтдаг юм.
Мэдээллийн алба

Жил бүрийн “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан нийслэл, орон нутгийн удирдлага, ЗДТГ-ын Цэргийн штабаас төрийн цэрэг болон хууль сахиулах байгууллагуудын дунд Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх хүрээнд нөхөрсөг цогцолбор тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай билээ. Сүүлийн хоёр жил цар тахлын халдварын улмаас нөхөрсөг тэмцээнүүд тасалдаад байсан бол энэ цаг үед нийслэлийн дүүргүүд болон орон нутгуудад зохион байгуулагдаж байна. Цогцолбор тэмцээнээр 10 гаруй уралдааныг зохион явуулдаг бөгөөд энэ нь спортын төрлүүдээс эхлээд “Марш-тактик тусгай бэлтгэлийн аварга” шалгаруулах тэмцээн багтдаг юм.
Тэгвэл зарим Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд амжилтын мэдээгээ ирүүлж эхэллээ. Орхон аймагт “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жил, Халхын голын байлдааны ялалтын 83 жилийн ойг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохиогдсон “Марш-тактик тусгай бэлтгэлийн аварга тасаг”-ийн тэргүүн байрт Зэвсэгт хүчний 186 дугаар анги, дэд байрт Онцгой байдлын газар, гутгаар байрт Зэвсэгт хүчний 110 дугаар анги, тусгай байрт Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарын баг тамирчид шалгарсан байна.
Мөн Булган аймагт зохиогдсон тус тэмцээнд тэргүүн байрт Зэвсэгт хүчний 234 дүгээр анги, дэд байрт Хилийн 0286 дугаар анги, гутгаар байрт Онцгой байдлын газрын баг тамирчид эзэлжээ.
"ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ"-Д ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 016 ДУГААР НЭГТГЭЛИЙНХЭН ТЭРГҮҮЛЭВ
“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ойг тохиолдуулан Төв аймгийн ЗДТГ, Цэргийн штабаас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд "Эх орны төлөө-2022" цогцолбор тэмцээнийг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Зуунмод хотноо зохион байгууллаа. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар тэргүүтэй орон нутгийн удирдлагууд, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Б.Амгаланбаатар, Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Төмөрчөдөр, Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Ч.Алтанхуяг тэргүүтэй төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага болон Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 119, 311, 334 дүгээр ангиудын удирдлага оролцов.
“Эх орны төлөө” уламжлалт тэмцээнд энэ удаа 13 багийн 250 гаруй тамирчид гар бөмбөг, теннис, дартс, даамны төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа тодруулав. Тухайлбал, дартсын төрөлд тэргүүн байрт аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, дэд байрт Зэвсэгт хүчний 119 дүгээр анги, гутгаар байрт Зэвсэгт хүчний 334 дүгээр ангийн баг тамирчид, даамын тэмцээнд эрэгтэйчүүдээс Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн тамирчин Б.Энхтүвшин, Цагдаагийн газрын тамирчин Ч.Батбаатар, Татварын хэлтсийн тамирчин Р.Мөнхбаяр эхний байруудыг эзлэв.
Харин даамны эмэгтэйчүүдийн төрөлд аймгийн ИТХ, ЗДТГ, Цэргийн штабын тамирчин Д.Бадамсүрэн, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн тамирчин М.Мөнгөнцэцэг, Мэргэжлийн хяналтын газрын тамирчин С.Эрдэнэчимэг, ширээний теннисийн эрэгтэйчүүдийн төрөлд Цагдаагийн газрын тамирчин П.Нэмэхбаатар, Байгаль орчин, аялал жуучлалын газрын тамирчин Э.Занабазар, Зэвсэгт хүчний 334 дүгээр ангийн тамирчин Э.Өлзийсүрэн, эмэгтэйчүүдийн төрөлд Хуурай замын цэргийн командлалын тамирчин П.Булганчимэг, Онцгой байдлын газрын тамирчин Э.Отгонжаргал, ИТХ, ЗДТГ, Цэргийн штабын тамирчин Ц.Баярцэцэг нар шагналт байруудад шалгарчээ.
Тэгвэл гар бөмбөгийн тэмцээнд тэргүүн байрт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, дэд байрт Цагдаагийн газар, гутгаар байрт Онцгой байдлын газрын баг, тамирчид шалгарч, шилдэг довтлогчоор Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн тамирчин Т.Чинбат, шилдэг холбогчоор Цагдаагийн газрын тамирчин С.Солонго нар тодров. Багийн нийт дүнгээр цогцолбор тэмцээний шилдгээр Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл шалгарч, дэд байрт Цагдаагийн газар, гутгаар байрт ИТХ, ЗДТГ, Цэргийн штабын баг тамирчид эзэлсэн юм.
ДОРНОДОД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 327 ДУГААР АНГИЙНХАН ТҮҮЧЭЭЛЖ БАЙНА
БНМАУ-ын баатар, ЗХУ-ын 4 удаагийн баатар, Маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийг ойг тохиолдуулан Дорнод аймгийн төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн өв тэгш хүмүүжил олгох, харилцан туршлага солилцох, нөхөрсөг харилцааг бий болгох зорилгоор 11 нэр төрлийн урлаг, спортын цогцолбор тэмцээнийг шат дараатай зохион байгуулж байна. Зарим тэмцээнийг орон нутгийн удирдлага, ЗДТГ-ын Цэргийн штабын дэмжлэгтэйгээр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран явуулсаар байна.
Одоогоор цөөнгүй тэмцээнийг зохион байгуулаад байгаа бөгөөд “Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга тасаг”, “Мэргэн буудагч”-ийн шилдгүүд тодроод байгаа юм. “Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга тасаг”-аар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн ахлах ахлагч Ц.Ичинноров захирагчтай тасаг шалгарч, дэд байрт Хилийн цэргийн 0275 дугаар ангийн хошууч Ч.Ууганбаатар захирагчтай тасаг, гутгаар байрт Хилийн цэргийн 0198 дугаар ангийн хошууч Г.Содбаяр захирагчтай тасаг, “Мэргэн буудагч”-ийн тэргүүн байрт Зэвсэгт хүчний 327 дугаар анги, дэд байрт Хилийн цэргийн 0132 дугаар анги, гутгаар байрт Цагдаагийн газрын баг тамирчид эзэллээ.
Үүнээс гадна Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагчид багийн дүнгээр “Олс таталт”-д тэргүүлж, эмэгтэй баг тамирчид нь “Сагсан бөмбөг”, “Гар бөмбөг”-өөр аваргалж, эрэгтэй баг тамирчид дээрх төрлүүдэд мөнгөн медаль хүртээд байгаа юм. Цогцолбор буюу 11 төрлийн тэмцээний дүн 3 дугаар сарын 17-ны өдөр нэгдсэн байдлаар гарах бөгөөд “Монгол цэргийн өдөр”-т зориулсан баярын хурлын үеэр “Шилжин явах цом”-ыг тэргүүлэгч байгууллагад нь гардуулан өгөх юм. Тэмцээнд 13 багийн 700 гаруй баг тамирчид өрсөлдөж байна гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.


















