Тусгаар тогтнолын үнэ цэн
Цаг хугацаа шинэ бууринд ханаа дугуйлахаар зэхжээ.
Мэдээллийн алба

-Шилдэг нийтлэлийн уралдаанд-
Цаг хугацаа шинэ бууринд ханаа дугуйлахаар зэхжээ. Хуучин он дурсамжаа ачаалаад хөтөл даван алсарч, тэртээ холоос эргэн нэг хараад инээмсэглэн даллахад хэдхэн хоног үлдсэн байна. Орчлонгийн нүүдэл хүний амьдралын нэгэн хэмжээс болж, ирж буцдаг ертөнцийн жамыг сануулж, оноолт тавилангаа эргэцүүлж өөрийн болоод улс орныхоо хөгжлийн үнэт түүхээ бүтээгээрэй гэсэн ухаарлын сэрүүлэг болж, буурь сэлгэн хөвөрнөм... Цонхоор харвал арван хоёр дугаар сарын тэнгэрт ганц нэгхэн цасан хялмаалж, хорооны байшин дээр алтан соёмбот далбаа аяар зөөлөн намирч харагдана. Өглөө бүхэн хардаг энэ л дүр зургийг байдаг л зүйл, энгийн орчил мэт хүлээж авдгаа яагаад ч юм санаандаа эргэцүүлэв. Өөрийн гэх үнэт зүйлс, өргөн уудам нутагтай, эргэх дөрвөн улирал, эрх чөлөөт тэнүүн амьдралтай, Монгол хэмээх омогшлоороо бахархаж, мөнхөд энэ нэрээрээ овоглож, цаглашгүй сайхныг хүртэн эдэлж яваа маань юутай хувь тавилан бэ? Ингэж бодов. Монгол хүн, үүд нь үгүй үргэлжийн нээлттэй өндөр хөх огторгуйгаа харж хийморио нэмдэг. Тэнгэрт тэмүүлэх уулсынхаа оргилоор хүслээ ирлэдэг. Тулж босох талынхаа энгээр ухаанаа тэлж амьдардаг. Хожмоо дэрлэж шингэх газар шороогоо алтнаас илүү дээдэлдэг. Эх орон гэдэг өсч төрсөн нутгийн тойрмоос улбаалж, хаана ч явсан хамтдаа орших сэтгэлийн гэгээн суварга, энэхэн насыг элээж, нартыг орхихын цагт намтрын түүхэнд овоглож үлдэх мөнхийн үргэлжлэл. Ээж аав минь үгүй болохын цагт эх орон минь тэднийг орлодог. Эх орноосоо холдож харьд одохын цагт буцан тэмүүлэхийн аргамжааг сэтгэлийн зэл татан хүлээдэг. Эх орон минь та амьд явахын учир тавилан, бахархаж догдлохын учир шалтгаан билээ.
Өнгөрсөн зунсан. Гэр бүлээрээ аялж явсан цаг. Дэлгээтэй үүдээр орчлон ил задгай, дэндүү ойр, тэгсэн атлаа шөнийн аниргүй тэртээ холын алслалтай. Газар шийрлэсэн ханын нүдэнд авиран асан ургах ногооны сүг сүгхийх чимээг эс анзаарваас энэ ертөнц нэлэнхүйдээ эзгүй мэт эль хуль. Өнөөх л өвс ногооноос үүдэж, хана шийрлэн хонхойсон алга дарам газрын тухай санааширч билээ. Гал голомтыг минь дааж зогсоо газар шороо минь гэж аюулхай өмөлзөн өрөвдсөнөө бодов. Цурав нялхдаа мөлхөж ирээд үүдээр харсан орчлон, хөлд орохдоо хурууныхаа хээг үлдээн тулж боссон босгоны шороо, гүйж тоглохын цагт мөрөө үлдээсэн өлгий нутаг минь. Хэн бүхний сэтгэлдээ ингэж сүслэдэг газар шороо гэдэг ямар үнэ цэнэтэй вэ?...
Орчлонд олон намар олон өвлөөр солигдож, олончиг хавар өөрийн тоогоор төчнөөн зуныг авчирсан байх юм. Улирал бүхэнд өнгөө сольж, урсах жамын аясаар нүүдэллэж байдаг л гэж санадаг байлаа, газар дэлхийг. Шөнөөр ургах нарийн өвс, тэр л нов ногоохон өвсөн завсраар өндийн дэлбээлэх багваахай, бортголжгоно цэцэгс газар дэлхийг шинэчлэдэг юм чинээ дөнгөж сая бодож суусансан. Гэтэл, тэнгэрийн хаяанд завилж суусан уулс хэвээрээ, тэнүүн талын бор толгод аанай л янзаараа. Морьны аргамжааны хөх чулуу өнөөх л бодлогширсон хэвээрээ, модот ой, голын элгэн чулуу, эрэг хөвөөний хайрга өнөөх л янзаараа.... Өвс ногоо өнгө сэргээн ертөцийг шинэчлэвч өвгөрсөн газар шороо харин мөн чанараараа оршном. Эрх дураар эдлэх энэ жаргалыг хөлс цус, тэмцэл үхлээр авчирсан өвгөд дээдэстээ бөхийнөм. Газар шороогоо өмгөөлөн хамгаалсан тэр тэмцлийн тухай энэ цагийн бид юу ч мэдэхгүй. Хэдийгээр сонсож дуулсан нь багадахгүй ч нүүр тулаагүй бүхнээ хүн сэтгэл зүрхээрээ хүлээн авч ойлгох нь ховор. Тиймдээ ч “Газар шороо минь” хэмээн уулга алдахын төдийхнөөр сэтгэлээ хуурдаг байж мэдэх юм. Түүхийг хүн зохиодоггүй, түүхийн үнэнийг баллуурдаж бас болдоггүй. Түүх өөрөө, он цагийн гэрч болж, олон хүний тавилан заяагаар бүтдэг жамтай ажгуу. Улс Монголын маань хувь заяатай холбоотой бүхэн өнгөрсөн, өнөө хийгээд өнө хойчийн заяа эрхшээлтэй амин холбоотой. Тиймдээ ч, туурга тусгаар улсын минь сүр сүлд цэнгүүн байгаасай, тулгат их төрийн минь эе эв нягтруун байгаасай, сортоо төгөлдөр түмний минь хийморь сүлд өөдөө байгаасай хэмээн өвөг дээдэс минь залбирдаг.нь учиртай.
Хүн төрөлхтний ой ухаан тэмдэгрэх төдий асан холхи балар үеэс эхлэн үл төгсөх цаг тооллыг эвхэн элээж, тасралтгүй хөвөрсөөр буй түүхийн хуудас эргэсээр... Монголын ойрхи үеийн түүхэнд өрнөсөн гурван хувьсгалын нэг нь 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал юм. Эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж авахын тулд монгол үндэстэн нэгдэн нийлж Манж Чин улсын эрхшээлээс гарч, туурга тусгаар улсаа тунхаглан улс гэрээ байгуулсан энэ түүхэн өдөр бол мөн оны 12-р сарын 29. “Манж хятадын маалинга шаахайн ул, марал илжигний туурайг Хаалган даваа давуулж, Ар халхын нутагт хэрхэвч гишгүүлэхгүй!” Энэ бол Чин ван Ханддоржийн зүрхний хилэнгээс бадарсан үг байлаа. Энэ үг, энхрий хүүгийнхээ толгойг ганзгалан эх нутагтаа эргэж ирэхдээ гашуун уйд дарагдаж, гутралд цөхөрсөн эцэг хүний төдий бус эх нутаг элгэн түмнээ Манжийн дарлалаас өмгөөлсөн монгол хүний хатуу чанд сөрөлт тэмцэл сүлэлдсэн андгай тангараг байсан юм. Цагаа олж хүний хорвоод заяасан, тэр тусмаа эх нутаг Монголоо олж мэндэлсэн, тэр цаглашгүй үнэний эрэлд өөрийгөө эргэлт буцалтгүй зориулсан эр зориг, эрдэм мэдлэг, мяндсан ухаантай эрхэмүүдийн дунд үйл явцыг зангидаж байсан Богд гэгээн тэргүүтэй улс төрийн билгүүн зөнч, аливаад давхар бодож, даамай сэтгэдэг цөлх ухаантан Да лам Цэрэнчимэд, чин эрдэнэ дайчин ван Ханддорж, Сайн ноён хан Намнансүрэн, Манлай баатар Дамдинсүрэн, чуулган дарга Чагдаржав зэрэг гарамгай эрс, мөн өвөр монголын олон арван дайчин баатрууд түүхнээ тодрон үлдсэн юм. Манжийн 200 гаруй жилийн хатуу дарлалыг амиа зольсон он жилүүдийн хурц тэмцэл, дайн тулалдаанаар ялан давж, Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгал ялан мандаж, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мөн оны XII сарын 29-нд шинэ тулгар Монгол Улсыг тунхаглан, эзэн хааны сэнтийд заларсан VIII Богд Жибзун-дамба хутагт таван яам бүхий Засгийн Газраа байгуулж, өөрийн гэх газар нутаг, хүн ам, төрийн бүтэц бүхий тусгаар улс болохоо тунхаглан зарласны үнэ цэн бол та бид өнөөдөр тусгаар улсын иргэн хэмээгдсэн энэ эрхэмлэлд оршиж байгаа билээ. Өөрийн гэх төр улсгүй монгол угсаатнуудын зовлон шаналанг нийтийн сүлжээнээс харж, харьцуулж бодвоос энэ түүхэн хувьсгалын бидэнд авчирсан гавьяаг эрхгүй мэдэрнэ. Өнөөдөр бид өөрийн гэх төр улстай, эрх чөлөөтэй байх, шашин соёлоо шүтэх, өмч хөрөнгөтэй байх, үгээ хэлэх бүхий л эрхээ эдэлж, монгол хүний үнэлэмжээ дэлхийд таниулж, сэтгэлийн амар тайвныг эдлэн амьдарч байна. Монголчуудын төрийн гал голомтыг авч үлдсэн явдал бол 1911 оны хувьсгалын гол үр дүн гэдгийг өнөөгийн залуус, хойч үеийнхэн мартах эрхгүй. Монгол орон хүн ам цөөтэй, газар нутаг уудамтай атлаа дэлхийн хамгийн нөлөө бүхий хоёр улсын дунд өөрийнхөө туурга тусгаар улсыг авч үлдэж чадсан нь эцэг өвгөдийн маань гайхамшигт чадамж, агуу ухаан юм. Түүхийн энэ сургамж, үнэт зүйлсэээс суралцах зүйл иргэд бидэнд, ирээдүй хойчийнхонд их байна. Тэдний маань үлдээсэн яндашгүй баялаг дунд үндэсний онцлогоо хадгалж явах цаглашгүй өв бий. Ондооших уламжлалт сэтгэлгээний өв соёлыг дэлхийн хөгжил даяаршилтай адилтгаж болохгүй. Өлгий нутаг, үндэс угсаа, улс орноо гэх хэн бүхэн эх түүх- өв соёлынхоо өмнө мэхийн сөгдөж, сүслэн адислаж, хадгалан өвлүүлж явах нь үндэстний мөнхийн хэрэглээ, иргэн хүний нэгэн насны эрмэлзэл байх ёстой. Энэ ч үүднээс ариун газар шороогоо эрхэмлэн дээдэлж, сонгодог монгол хэлний зөв баялаг хэрэглээ, ахуйн соёлын үнэт өвлөгдөхүүн, уламжилж ирсэн зан заншил онцлогоо хүмүүжил, мэдлэг, амьдралын хэрэглээнд хэвшил болгоход иргэн бүхний сэтгэл, хандлага үгүйлэгдэж байгааг бодит байдал чимээгүйхэн сануулсаар... Өнгөрсөн, өнөө, ирээдүй гурав ангит утгат бус, нэгэн утгат бус, гагцхүү өөр хоорондоо шүтэн барилдахуй учир өнөөдөр бол өнгөрсөн цагийнхны авчирсан тэмцэл, ирээдүйн гэгээн үргэлжлэл буюу.
Улс орон оршин тогтнохуйн мөн чанар нь дотоодын бат бэх эв нэгдэл, нягтрал, төрийн нэр хүнд. Улс, хил хязгаар байгаа цагт төр оршин тогтнодог. Хуваагдлыг бус нэгдлийг хангасан цагт төр хүчирхэг байж, захиjгаатай, чамбай дэг журамтай, сахилга баттай ард түмэн байж чадсан цагт зөв хөгжил алив алдаа эндлээ засан урагшилдаг. Тийм ч болохоор тусгаар Монголын иргэн бид дотоодын хямралынхаа уг шалтгааныг эрж олж, засан залруулж, соёл, улс төр, эдийн засгийн нэгдсэн бодлогод зангилагдаж, төрийн залгамж чанарыг эрхэмлэх үүднээс боловсон хүчний бодлогоо өөрчилж, хүн төрөлхтний тавцан дээр зарим талаараа нуран унаж байгаа даяарчлалыг бус үндэстний ондоошлыг, тэр тусмаа гаднын тусламж дэмжлэг, үзэл хандлагыг шүтэх биш бие даан оршин тогтнохын төлөө ухаанаа уралдуулах аваас ТУСГААР МОНГОЛЫНХОО үнэ цэнэ, нэр хүндийг өргөж, залгамжилж явах бус уу.
Эх орон гэхээр бид энгүй их талын алсрах цэнхэр хаяатай, ижилгүй тансаг монгол нутгийнхаа царааг сэтгэлдээ ургуулдаг. Дуунд өгүүлдэг шиг “Дэлгэсэн тэрлэг шиг” монгол орныхоо хил хязгаарыг бүтнээр нь багтаан хардаг. Гэсэн ч эх орон гэдэг хүй цөглөсөн тойрмоос, хөдөө хээрийн нэгэн чулуунаас, ямар ч цагт дэргэд л байдаг гэр бүл ижий ааваас, ягдахын цагт сэтгэл дэмнэх анд нөхдөөс эхлэлтэй. Энхийн цагт энэ бүхнийг хүмүүн бид эгэл байдаг зүйл хэмээн санавч, эх нутгийн хөрс шороо, амин нандин бүхнийг өмгөөлөн хамгаалах сэтгэл зүрх, эрхшээлт хүнд хэцүү цагт сэтгэлд ойртдог нь үнээн. Өвс ногоо ургахын тоолонд өнгө нэмж залууждаг юм чинээ андуурч болно. Өнө олон жилийн зовлон жаргал дунд өвгөрч өтөлснийг нь үл анзаарч болно. Өвгөд дээдсийн амьны үнэтэй бидэнд ирснийг нь мартаж, өнө хойч үедээ өвлөгдөж бас үлдэх учиртайг огоорч харин болох билүү газар шороо минь... Үүлний ус буухад цэцэгс инээд алдаж, үүрээр буусан шүүдэрнээс цох сэмээрхэн залгилж, ариун хэвлийгээс тань амуу будаа сугсарч, атрын шан, отрын бэлчээр цогцлоод, дутуу юм алга аа... Морьдын тоос талын эн дээгүүр тань татаж, хүүхдийн гийнгоо баярын хөглөл нэмээд, нартад амьдрах хувь зохиолоо бүтээж түүгээрээ жаргаад хүний хорвоод хүсэл даллах сайхан юм олон байна аа, газар шороо минь... Наран бөмбөрцөг энгүй орон зайд тань оршиж, наслаж ханасан хүмүүсийн цуваа ариун хөрсөнд тань шингэж, үзэж туулсан бүхэн нь энэ хэрээр тэлсээр, өвгөрсөөр л байгаа бор тал минь, таныгаа өрөвднөм... Гал голомтыг минь тээн орших газар шороо, ”Монгол улсын иргэн” хэмээх бахархал омогшлыг эзэн хүний эдлэн жаргах эрх чөлөө бүхэнтэй нь хайрласан эцэг өвгөддөө мэхийнэм...
Амьсгалах агаар, залгилах ус эх орон минь. Алхаж гишгэх хөрс шороо МОНГОЛ минь. Алт байгаад алийг нь ч үл орлох үнэ цэнэ чухамдаа энэ гурав билээ. Авралдаа багтааж залбирч сүслэх шүтээн – ТУСГААР ТОГТНОЛ билээ.
Сэтгүүлч Цэрэндоржийн Сосорбурам


















