Тусгай хэрэгцээ шаардлагатай 1685 хүүхэд сурах эрхээ эдэлж чадахгүй байна гэв
Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийн сурах орчныг бүрдүүлэх зорилгоор аймаг, дүүрэг бүрт Дэмжлэгийн зөвлөл байгуулах ёстой. Гэсэн ч одоогоор зөвхөн Хөвсгөл аймаг болон нийслэлийн Баянгол дүүрэгт ийм зөвлөл байгуулсан аж.
Мэдээллийн алба

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбооны төлөөлөл тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийг энгийн сургуульд сургах захирамж гарсан ч хэрэгжихгүй байгаа талаар өчигдөр мэдээлэв. Энэ үеэр тус холбооны зөвлөх Ц.Уянга “БСШУС-ын сайдын гаргасан захирамжид тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийн сурах орчныг тухайн сургуулийн захиргаа нь бүрдүүлэх ёстойг тодорхой заасан. Гэвч төсөв байхгүй гэсэн шалтгаанаар сургуулиудын удирдлага хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээг хангах тоног төхөөрөмж авахгүй байна. Анги удирдсан багш нараас гадна туслах мэргэжилтэн ч ерөнхий боловсролын сургуульд ажиллах ёстой. Туслах багшийг цалинжуулж чадахгүй гээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургахаас татгалзах хандлага ажиглагдсаар байна. Энэ асуудлыг шийдээгүйгээс бидний хүүхдүүд хичээлээс завсардах боллоо” гэв. Тус холбооны хийсэн судалгаагаар тусгай хэрэгцээ шаардлагатай 1685 хүүхэд сурах эрхээ эдэлж чадахгүй байгаа юм. Мөн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй нэг ч хүүхэд энгийн сургуульд сурч чадахгүй байгааг эцэг, эхчүүд шүүмжиллээ.
Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийн сурах орчныг бүрдүүлэх зорилгоор аймаг, дүүрэг бүрт Дэмжлэгийн зөвлөл байгуулах ёстой. Гэсэн ч одоогоор зөвхөн Хөвсгөл аймаг болон нийслэлийн Баянгол дүүрэгт ийм зөвлөл байгуулсан аж.


















