Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын дарга М.Энхболд Анхдугаар чуулганыг хааж үг хэллээ

Өчигдөр үйл ажиллагаагаа өндөрлөсөн УИХ-ын Анхдугаар чуулганыг хааж УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
УИХ-ын дарга М.Энхболд Анхдугаар чуулганыг хааж үг хэллээ
УИХ-ын дарга М.Энхболд Анхдугаар чуулганыг хааж үг хэллээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр үйл ажиллагаагаа өндөрлөсөн УИХ-ын Анхдугаар чуулганыг хааж УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд,
УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-ын гишүүд бид тангаргаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд хуульд заасан зохион байгуулалтын ажлаа амжилттай хэлэлцэн шийдвэрлэж, Анхдугаар чуулганаа өндөрлөх гэж байна.

Анхдугаар чуулганаар УИХ-ын дарга, дэд дарга сонгогдож, Байнгын хороодыг байгуулж, түүний удирдлагыг сонголоо. Түүнчлэн, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталж, Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг томиллоо.

2000 оноос хойших таван удаагийн УИХ-ын сонгуулийн, сонгуулийн дараах Анхдугаар чуулгануудаас хамгийн богино хугацаанд хуралдаж, шинэ Засгийн газрыг ажиллах боломжоор хангасан байна. Монгол Улсын Засгийн газраас монголын ард түмэн ихээхэн зүйлийг хүсэн хүлээж байна. Засгийн газар шуурхай ажиллаж, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх шаардлагатай байна.

Өмнөх Засгийн газрын төрийн хуулийг үл хайхран зөрчдөг алдааг давтах ёсгүй гэдгийг энд анхааруулж хэлье. Анхдугаар чуулганы хуралдааны үеэр ОХУ-ын эзэмшилд байсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг хувийн компанид шилжүүлсэн асуудлыг олон гишүүн асууж, иргэдээс гомдол, шаардлага ихээр ирүүлж байгаа тул энэ асуудлыг Ажлын хэсэг байгуулан, нарийвчлан судалж УИХ-д яаралтай танилцуулахыг Засгийн газарт үүрэг болгож байна.

УИХ-ын намрын чуулганы өмнө ээлжит бус чуулганыг хуралдуулж, өмнөх УИХ-аар хуульд заасан хугацаанд батлагдаагүй үлдсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, түүнчлэн Монгол Улсын 2016 оны Улсын төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах шаардлагатай байна.

Монгол УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан УИХ-ын Анхдугаар чуулган өндөрлөснийг мэдэгдье.

Хуваалцах