Улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийн тоо орон нутагт эрс нэмэгджээ
2010 оноос хойш Монгол Улсад огт бүртгэгдээгүй улаанбурхан өвчний тархалт хот, хөдөөг хамарч эмнэлгүүд ачаалалтай ажиллаж байна.
Мэдээллийн алба

2010 оноос хойш Монгол Улсад огт бүртгэгдээгүй улаанбурхан өвчний тархалт хот, хөдөөг хамарч эмнэлгүүд ачаалалтай ажиллаж байна. Ховд аймагт улаанбурханы өвчлөл ганцхан сарын дотор 100 гаруй хүнээр нэмэгджээ.
Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн халдвартын тасаг нь 23 ортой. Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчин нэмэгдсэнтэй холбоотой ачаалал нэг дахин нэмэгдсэн байна. Улаанбурхан өвчнөөр жирэмсэн эхчүүд хүртэл халдварлах болжээ. Ачаалал ихэссэнтэй холбоотой тус тасгийн эмч, сувилагч, асрагч нар нэмэлт цагаар ажиллаж байгаагаас гадна эмчилгээ явуулахад хэвтэн эмчлүүлэгсдийн тав тухтай орчин алдагдаж халаалт дулааны асуудал нь ч хүндрэлтэй байгааг хэлж байна.
Өнгөрөгч оны 12 дугаар сарын байдлаар Ховд аймгийн хэмжээнд улаанбурхан өвчнөөр 240 гаруй хүн халдвар аваад байсан бол энэ оны нэгдүгээр сарын эхний 20 хоногийн байдлаар энэ тоо 300 гаруй болж нэмэгджээ. Одоогийн байдлаар халдвартын тасагт улаанбурхан өвчнөөр хүндэрсэн 31 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нэгэнт эмнэлгийн ор хүрэлцэхгүй учраас зарим өвчтөнөө өрхийн эмчийн хяналтад шилжүүлж гэрээр нь эмчлэх арга хэмжээ авч буй юм байна.


















