Өнгөрсөн гурав хоногт зам тээврийн ослын улмаас 20 хүн гэмтжээ
согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 212, орон нутагт 59, нийт 271 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Мэдээллийн алба

Энэ сарын 6-8-нд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 820 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 540 мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 12, орон нутагт 8 иргэн гэмтэж, нийслэлд нэг, орон нутагт гурван хүн нас баржээ.
Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 212, орон нутагт 59, нийт 271 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Түүнчлэн Тээврийн цагдаагийн албанаас нийслэл хотын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоох, энэ төрлийн гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Согтуу” хэсэгчилсэн арга хэмжээг энэ сарын 6-7-нд зохион байгуулжээ. Уг шалгалтын хугацаанд гудамж замын хяналтаар согтуу тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 167 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.
Иймд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа иргэд жолооч нарыг олон цагаар автомашин жолоодохгүй байх, зорчигч нарын суудлын бүсийг зүүлгэн, хурдаа тохируулж, шөнийн цагт гэрлээ шилжүүлж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.
Мөн нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгч хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох, явганаар замын хөдөлгөөнд оролцож буй явган зорчигч нарыг замын гарцтай хэсгээр зам хөндлөн гарч, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гүйхгүй байхыг анхаарууллаа.


















