Өрхөд зориулсан чадамжийн 4 төрлийн сургалт боллоо
өрхүүдийг тогтвортой орлоготой болгох зорилгоор үсчин, талх нарийн боовчин, гутал үйлдвэрлэл, оёдол эсгүүр гэсэн дөрвөн чиглэлээр 7 хоногийн чадамжийн сургалт явуулжээ.
Мэдээллийн алба

Дэлхийн зөн Дархан "Хүүхдийн төлөөх орон нутаг" төслийн үйл ажиллагааны хүрээнд зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах, өрхийн эдийн засгийн чадамжийг нэмэгдүүлэх замаар тогтвортой орлоготой болгох зорилгоор сургалтууд зохион байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Өрхийн амьжиргаа дэмжих "Төгсөлтийн цогц аргачлал" хөтөлбөрт хамрагдсан зарим өрхөд 4 төрлийн чадамжийн сургалтыг энэ сарын 3-нд эхлүүлж, өчигдөр хаалтаа хийжээ.
Тус сургалтыг Дархан-Уул аймгийн ЗДТГ, ХХҮГ, ГБХЗХГ хамтран зохион явуулсан. Ингэхдээ Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр, Гэр бүлийг дэмжих хөтөлбөр, Төгсөлтийн цогц аргачлалын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж өрхүүдийг тогтвортой орлоготой болгох зорилгоор үсчин, талх нарийн боовчин, гутал үйлдвэрлэл, оёдол эсгүүр гэсэн дөрвөн чиглэлээр 7 хоногийн чадамжийн сургалт явуулжээ.
Сургалтад 40 өрхийн төлөөлөл хамрагдсан бөгөөд өчигдөр өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээ зохион байгуулагчдад танилцуулж, цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлэх талаар санал солилцжээ. Түүнчлэн аймаг орон нутаг, олон улсын байгууллагын зүгээс өрхүүдийг бодлогоор дэмжиж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилттойгоор ажиллах аж.


















