Уулын ангийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэх нөхцөл, техник хангамжийг сайжруулна
Мэдээллийн алба

Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын харьяа уулын чиг үүргийн 331 дүгээр салбар ангийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, нийт бие бүрэлдэхүүнтэй уулзан салбарт хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийг танилцууллаа.
Уулын болон хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг тус ангийн хувьд техникийн бэлэн байдал, шуурхай хөдөлгөөн онцгой ач холбогдолтой. Иймд ангийн нөхөн хангалтыг сайжруулах хүрээнд туулах чадвар сайтай бартаат замын дөрвөн дугуйт мотоцикл, цасны мотоцикл зэрэг шаардлагатай техникүүдийг үе шаттай шийдвэрлэхээр боллоо. Ингэснээр бие бүрэлдэхүүний шилжилт хөдөлгөөн, сургалт бэлтгэл, тусгай үүргийн гүйцэтгэл илүү шуурхай, найдвартай болох нөхцөл бүрдэх юм.
Мөн алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах хүрээнд 50 айлын албан тушаалын орон сууцыг ирэх оны төсөвт тусган шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллахаар боллоо. Энэ нь алба хаагчид тогтвор суурьшилтай ажиллах, гэр бүлийн амьдрах нөхцөлийг дэмжих, хүний нөөцийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодит дэмжлэг юм.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн санхүүжилтээр барьж байгуулсан техникийн засвар үйлчилгээ, техник хадгалах байр ашиглалтад орж, нээлтээ хийлээ.
Шинэ байр ашиглалтад орсноор техник хэрэгслийг зориулалтын орчинд хадгалах, үзлэг оношилгоо, засвар үйлчилгээг тогтмол хийх, эвдрэл саатлыг бууруулах, ашиглалтын хугацааг уртасгах, техникийн бэлэн байдлыг тогтвортой хангах боломж нэмэгдэж байна. Энэ нь тус ангийн сургалт бэлтгэл, өдөр тутмын ажиллагаа, үүрэг гүйцэтгэлийн найдвартай байдлыг дээшлүүлэх бодит ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.
Тус арга хэмжээнд УИХ, ЗГ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал С.Ганбямба, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч, бригадын генерал Б.Хаш-Эрдэнэ тэргүүтэй Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлага, алба хаагчид оролцлоо.



















