ЗГХЭГ "Lexus 570" машин авах ажлыг зохион байгуулсан гэв
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 11 дүгээр дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан.
Мэдээллийн алба

Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 11 дүгээр дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах санал өргөн мэдүүлж, хэлэлцүүлж болно гэж үзсэн юм. Энэ дүгнэлттэй холбогдуулан Засгийн газар Үндсэн хуулийн цэцэд нөлөөлсөн гэх яриа гарсан. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийг есдүгээр сарын 9-нд 11дүгээр дүгнэлтийг гаргахын өмнө буюу есдүгээр сарын 7-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн даргад Lexus570 машин өгсөн нь дээрх ярианд хүргэсэн юм.
Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга Засгийн газар ямар үндэслэлээр автомашин өгсөн, Цэцэд үнэхээр нөлөөлсөн эсэхийг судлах ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоор ахлуулж УИХ-ын гишүүн Д.Ганбат, Г.Уянга нар гишүүнээр ажилласан тус ажлын хэсэг өнөөдөр дүгнэлтээ танилцууллаа.
Энэ үеэр Ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж хэлэхдээ, Хөрөнгө гаргах тухай Засгийн газрын есдүгээр сарын 07-ны өдрийн 357 тоот тогтоолыг судалж үзэхэд Үндсэн хуулийн 25 жилийн ой тэмдэглэх, түүнд 933.9 сая төгрөг зарцуулах саналыг Үндсэн хуулийн цэц анх боловсруулсан байна. Ерөнхийлөгчийн Тамгын газарт энэ талаар амаар танилцуулж байсан гэх боловч албан ёсоор хандсан баримт бичиг байхгүй байна. Үндсэн хуулийн цэцийн ажлын албанаас боловсруулсан гэх төслийн зардлын тооцоог хэн, хэрхэн гаргасан нь ойлгомжгүй, уг тооцоо үнэн, зөв эсэхийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын түвшинд ч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын түвшинд ч нягталж үзээгүй байна гэлээ.
Мөн тэрбээр есдүгээр сарын 07-ны өдөр яамнаас санал ирээгүй байхад Засгийн газар уг асуудлыг хуралдаанаар хэлэлцэж 357 дугаар тогтоол гаргаж 331.0 сая төгрөг нөөцөөс гаргахаар шийдвэрлэсэн байгааг хэллээ.
Түүнчлэн Засгийн газрын автобааз Үндсэн хуулийн цэцийн даргад 195.0 сая төгрөгөөр албан ажлын хэрэгцээнд Lexus-570 машин авч өгсөн бөгөөд энэ ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар зохион байгуулж, урьдчилгаа төлбөрийг бааз есдүгээр сарын 10-нд төлсөн байсан талаар мэдэгдсэн юм.


















