2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай,
Мэдээллийн алба

УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асуух гишүүн байгаагүй тул 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэн батлуулах Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 38 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив.
Дараа нь Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн талаар Байнгын хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй 67 саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Санал хураалт явуулахын өмнө Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын Байнгын хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгэж үзэхэд төсвийн зарлагыг нэмэх 200 орчим тэрбум төгрөгийн санал байсан. Эдийн засгийн байдал хүнд энэ цаг үед төсвийн зардал нэмсэн нэг ч төгрөгийн саналыг дэмжих боломжгүй. Эх үүсвэр ч байхгүй тул зардал нэмсэн зарчмын зөрүүтэй санал бүрийг дэмжихгүй байхыг онцгойлон анхааруулав. Иймд Байнгын хороодоос ирүүлсэн төсвийн зардлыг нэмэгдүүлсэн зарчмын зөрүүтэй санал бүрийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнгүй.
Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэгийн гаргасан, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо дэмжээгүй “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багц дахь аялал жуулчлал хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлыг 2,000.0 төгрөгөөр нэмэгдүүлж, 3,360.0 сая төгрөг болгох” саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56,2 хувь нь дэмжив.
Үргэлжлүүлэн төсвийн байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 10 гаруй саналын томъёоллоор санал хураалт явуулсан. Ингээд Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.


















