2019 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг боллоо
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ 2019 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Төсвийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуулиудын
Мэдээллийн алба

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ 2019 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Төсвийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуулиудын дагуу дүүргийн иргэдийн дунд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд удирдан явуулж, 2019 оны төсвийн төсөл, дүүргийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжил сангийн хөрөнгө оруулалтаар дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулж, иргэдийнхээ санал хүсэлтийг сонслоо.
Хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа олон нийтийн оролцоотой иргэдээс ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн эрэмбэлж камержуулалт, гудамж, зам талбайн тохижилт, хайрган хучилттай зам, бичил цэцэрлэгт хүрээлэн, сургууль, цэцэрлэгийн засвар, тохижилт, орон сууцны фасад, дулаалга зэргээр ангилсан байна.
Мөн хэлэлцүүлэгт оролцсон иргэд сургууль, цэцэрлэггүй хороодод шинээр сургууль, цэцэрлэг барих, цогцолбор байргүй хороодод цогцолбор байр барих, гэмт хэргийн гаралт өндөртэй цэгүүдэд камержуулалтын ажлыг үргэлжлүүлэх зэрэгт өндөр ач холбогдол өгч, урьд нь өгсөн саналууд ажил хэрэг болохоор төлөвлөгдсөн байгаад талархалтай байгаагаа илэрхийлсэн юм.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР


















