Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

300 айлын орон сууц энэ онд ашиглалтад орно

-2011 онд энэ орон сууцыг барихаар шийдэж, хуулийн дагуу тендер зарлаад “ХӨМОТЭ” ХХК шалгарч, тухайн оны есдүгээр сард барилгын ажил эхэлсэн. 10 давхар бүхий 70 айлын гурав, 90 айлын нэг блок байр баригдаж байгаа. Ихэнх нь хоёр өрөөтэй байхаар төлөвлөгдсөн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
300 айлын орон сууц энэ онд ашиглалтад орно
300 айлын орон сууц энэ онд ашиглалтад орно. Зураг: МҮОНРТ

Батлан хамгаалах яамны БХЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа Б.Батбаяртай цаг үеийн асуудлаар болон тус газраас хийж хэрэгжүүлж байгаа сүүлийн үеийн ажил үйлсийнх нь талаар уулзаж ярилцлаа.

-Яг одоо хаанахын төлөөлөгчидтэй ямар яриа хэлэлцээ өрнүүлж байна вэ?

-Бид ОХУ-ын Цэрэг, техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны хэлтсийн дарга А.А.Бурдейный тэргүүтэй төлөөлөгчидтэй хоёр орны цэрэг, техникийн хамтын ажиллагааны талаар уулзалт хийж байна. Энэ уулзалтаар 2014 онд ОХУ-аас Монгол Улсын БХЯ-нд буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг сунгах тухай асуудлыг хэлэлцэж байна. Мөн Монгол Улс, ОХУ-ын цэрэг техникийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг эцэслэн боловсруулж, протоколд гарын үсэг зурахад бэлэн болгосноос гадна, цэрэг техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын хамтарсан ажлын бүлгийн ээлжит хуралдааны талаар ярилцаж байна.

-Бусад улс орнуудаас манайд үзүүлж буй буцалтгүй зээл, тусламжийн талаар тодруулбал…?

-Манай орон хэд хэдэн улстай цэрэг-техникийн хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг. Тэр чиглэлээр сүүлийн үед нэлээд хэдэн тусламж орж ирээд байна. Тухайлбал, ОХУ-аас буудлагын дасгалын болон бусад хэрэгсэл, АНУ-аас хүн нэг бүрийн хэрэгсэл, мөн зургаан ширхэг барилга инженерийн техник хүлээж авлаа. Одоо ХБНГУ-ын юнимог загварын ачааны автомашин авахаар ажиллаж байна. Солонгосоос барилга инженерийн 13 төрлийн техник авахаар бүх асуудал шийдэгдсэн.

-Он гарсаар БХЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хамт олны хийж хэрэгжүүлж байгаа ажлын зах зухаас сонирхож болох уу?

-БХЯ-наас Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн зардлаар 2014 онд худалдан авах бараа, ажил үйлчилгээний ерөнхий төлөвлөгөө гарсан. Үүний дагуу Үнэлгээний хорооноос худалдан авах тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан тогтоол шийдвэр, дүрэм журмын дагуу бид энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн алба хаагчдын гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ, цэргийн багийн хэрэгцээт эм, ороох боох материал болон бусад хэрэгцээт бараа, материал бэлтгэн нийлүүлэх тухай тендерийн баримт бичгийг боловсруулан ажиллаж байна.

Мөн тусгай хэрэгцээний газрын талаархи асуудал бидний гол ажил болоод байна. Батлан хамгаалахын болон барилга, хот байгуулалтын сайдын 2013 оны хамтарсан тушаалаар томилогдсон ажлын хэсгийн гишүүд шинээр байгуулагдсан Зэвсэгт хүчний ангиуд, Өмнөговь аймагт байгуулагдах Сургалтын төвийн газрын хэмжилтийг хийж, ажлын үр дүнг хэлэлцэхэд бэлэн болгоод байна. Мөн урьд нь тусгай хэрэгцээний газарт ороогүй байсан газруудыг тодотгож нэмж оруулахаар ажиллаж байна. Түүнчлэн нийгэм даяар өрнөөд буй “том төрөөс ухаалаг төр рүү” шилжих ажлын хүрээнд бид БХЯ-ны харьяа байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нь сайжруулахын тулд зарим нэгжийг татан буулгах, цомхотгох, нэгтгэх зэргээр бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх асуудлыг боловсруулж байна.

-Цэргийн алба хаагчдад хүлээлт үүсгээд байгаа 300 айлын орон сууц болон бусад барилга байгууламжтай холбоотой мэдээлэл өгөхгүй юу?

-2011 онд энэ орон сууцыг барихаар шийдэж, хуулийн дагуу тендер зарлаад “ХӨМОТЭ” ХХК шалгарч, тухайн оны 9 дүгээр сард барилгын ажил эхэлсэн. 10 давхар бүхий 70 айлын 3, 90 айлын 1 блок байр баригдаж байгаа. Ихэнх нь хоёр өрөөтэй байхаар төлөвлөгдсөн. Одоогоор энэ барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна. 2012 оны 4 дүгээр улиралд багтаж ашиглалтад орох ёстой байсан боловч гадна дулааны асуудал шийдэгдээгүй учраас барилгын явц удаашралтай байгаа юм. Одоогоор захиалагчийн талаас буюу БХЯ-наас гадна дулааны асуудлыг шийдэж, энэ ондоо багтан хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

Бусад барилга байгууламжуудын хувьд 79 тэрбум төгрөгийн өртөг бүхий 16 барилга баригдаж байгаа. Тодруулбал, “Цэрэг спортын төв цогцолбор”, цэргийн эмнэлгийн төв цогцолбор, БХИС-ийн спорт цогцолбор, БХИС-ийн “Тэмүжин өрлөг” дунд сургуулийн цогцолбор барилга, БЗД-ийн нутаг дэвсгэрт 63, хөдөөх анги салбарт буюу Завхан, Сүхбаатар, Хэнтийд 53 айлын орон сууц баригдаж байгаагаас гадна говийн бүсийн сургалтын төвийн болон Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн барилга байгууламж гэх мэт томоохон байгууламжууд ид баригдаж байна.

Хуваалцах