300 мянган тоннын хүчин чадалтай коксын үйлдвэр барина
Европын зарим орнуудад хийж буй Аж үйлдвэрийн сайдын ажлын айлчлал үргэлжилж байна. Тэрбээр энэ сарын 22-23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Чех Улсад ажиллалаа.
Мэдээллийн алба

Европын зарим орнуудад хийж буй Аж үйлдвэрийн сайдын ажлын айлчлал үргэлжилж байна. Тэрбээр энэ сарын 22-23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Чех Улсад ажиллалаа.
Ирээдүй рүү чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах ёстой гэв
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Чех улсын Үйлдвэр худалдааны сайд Ян Маледектай уулзлаа. Энэ үеэр талууд аж үйлдвэр эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг онцлов. Чех улсын албан ёсны хөгжлийн тусламжаар төсөл хэрэгжүүлж байгаа Эрдэнэтийн дулааны станцын өргөтгөлийн зураг төслийг хийж байгаа аж. Мөн уул уурхайн салбарт зураглал хийх хүний нөөцийн сургалтыг хийж байгаа талаар мөн дурдсан юм.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Чех улсаас тоног төхөөрөмж технологи Монгол Улсад нийлүүлэх сонирхолтой байна. Иймд Монгол компаниуд Чех улсаас тоног төхөөрөмж худалдан авахад санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхийн тулд хоёр тал хамтран ажиллаж, ойлголтоо нэгтгэх, тулгарч буй бэрхшээлийг даван туулж шийдвэрлэх арга замыг олох хэрэгтэй” хэмээн уулзалтын үеэр онцолж байсан юм.
Түүнчлэн Чех улсаас Монгол Улстай уул уурхай, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байна. Чех улсын компаниуд Монгол Улсад уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизм нийлүүлэх сонирхолтой байгаа төдийгүй Чех Словакийн худалдааны банк Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллах хүсэлтэй байгааг энэ үеэр илэрхийллээ.
Талууд хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар худалдааг хоёр дахин нэмэгдүүлэх зорилго тавьсан. Тиймээс энэхүү уулзалт цагаа олсон ажил хэрэгч уулзалт болсон төдийгүй ирээдүй рүү чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд аль аль талдаа анхаарах ёстой гэдэгт санал нэгдсэн юм.

Гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Бүгд найрамдах Чех улсад ажиллах үеэрээ Чехийн нүүрснээс кокс болон ширэм боловсруулан гаргаж авах үйлдвэр болох “Нutni prjekct fruder-mister” ХХК, “Витковец” группын ган хайлуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай тус тус танилцсан юм. Үйлдвэртэй танилцах үеэр Монгол Улсын “Нью Эко энержи” ХХК Чех улсын “Нutni prjekct fruder-mister” компани “ЧКД энержи” компанитай Монгол Улсад 300 мянган тонны хүчин чадалтай коксын үйлдвэр барих, хөрөнгө оруулах тухай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү төсөл гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нийт хөрөнгө оруулалт 160 сая евро бөгөөд үүний 130-150 сая еврог “ЧКД энержи” компани гаргах юм.
Эх сурвалж: Аж үйлдвэрийн яам


















