А.Тлейхан:Эрчим хүчний салбарт өрсөлдөөн бий болгоно
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, зохицуулагч Э.Түвшинчулуун, У.Мягмарсүрэн, Ажлын албаны дарга Г.Эрхэмбаяр, Эрчим хүчний зохицуулалтын газрын дарга З.Цэдэнжав болон холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүд
Мэдээллийн алба

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, зохицуулагч Э.Түвшинчулуун, У.Мягмарсүрэн, Ажлын албаны дарга Г.Эрхэмбаяр, Эрчим хүчний зохицуулалтын газрын дарга З.Цэдэнжав болон холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүд "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК болон "Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн удирдлага, инженер техникийн ажилтнуудтай уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан улс орны эдийн засгийн байдал, Эрчим хүчний салбарын 2017 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны дүнг танилцуулж, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн юм. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эрчим хүчний салбарын орлого 5.6 хувиар нэмэгдэж, иргэдэд нийтдээ 24.5 тэрбум төгрөгийн цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлжээ. Мөн эрчим хүчний салбар татвар шимтгэлд 106 тэрбум төгрөгийг төлөөд байгаа юм байна.
"ЦДҮС” ТӨХК дамжуулалтын алдагдлаа бууруулжээ
Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК нь Улаанбаатар хот, 16 аймаг, 300 гаруй сум, суурин газрыг хамаран цахилгаан эрчим хүч дамжуулдаг. Өнгөрсөн онд гэхэд л 4,7 тэрбум кВт.цаг эрчим хүч дамжуулжээ.

Нийтдээ 1125 ажилтан албан хаагчидтай тус компани нь 110, 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцаар Монгол улсын цахилгаан эрчим хүчний 80 орчим хувийг ханган ажиллаж байна. Тус компани 2017 оны эхний хагас жилийн байдлаар дамжуулалтын алдагдлаа бууруулсан, өр төлбөрөө багасгаж чаджээ.

Уулзалтын үеэр Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК-ийн ажилтнууд Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагуудаас сонирохсон асуултаа асууж, хамтарч шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байгаа, тулгамдсан асуудлуудаа ярьж байсан юм.

Сүүлийн үед Монголд ашиглагдаггүй систем, горимд тохирохгүй тоноглол суурилуулж, эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлж байгаа, газар чөлөөлж өгөхгүй байгаагаас болж дэд станцуудаа барьж чаддаггүй, 1100 гаруй айл өрх, албан газар өрх хамгаалалтын зурваст үйл ажиллагаа явуулж байгаа тухай тус компанийн ажилчид ярьж байлаа.
"ДҮТ” ТӨХК блансын ашигтай ажиллаж байна
"Оновчтой зохицулалт, чанартай эрчим хүчийг Үндэсний хэмжээнд” уриатайгаар үйл ажиллагаа явуулж байгаа "Диспетчерийн үндэсний төв” ХХК нь 2015-2016 онд блансын ашигтай ажиллаж байгаа юм байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар тус компани үндсэн бус үйл ажиллагаанаас 56.6 сая төгрөгийн ашигтай ажиллажээ. "Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн ажилтан албан хаагчид уулзалтын үеэр релей хамгаалалтыг сайжруулах чиглэлээр хийж байгаа ажлуудаа ярьж, Аж ахуйн харилцааны дүрэмд зарим өөрчлөлтийг хийх, томилолтын мөнгөө нэмэгдүүлэх зэрэг санал гаргаж байсан юм.
Эрчим хүчний салбарт өрсөлдөөн бий болгоно
Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагууд тэдний асуусан асуултад хариулт өгч, эрчим хүч хэмнэж ажиллах сануулаад илүү үр дүнтэй зохицуулалтыг бий болгохоор ажиллаж байгаагаа танилцуулан юм. Тус хорооны дарга А.Тлейхан "Өнөөдөр дэлхийн эрчим хүчний зах зээл дээр Захиргаа ба хяналт, Өөрийгөө зохицуулах, Урамшуулалд суурилсан зохицуулалт, Зах зээлд суурилсан зохицуулалт гэсэн дөрвөн төрлийн зохицуулалтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын хувьд эрчим хүчнийхээ салбарт Захиргаа ба хяналт гэсэн зохицуулалтын энэ хэлбэрийг мөрдөж байгаа.Гэвч өнөөдөр эрчим хүчний салбарт өрсөлдөөн бий болгох, нөөц бололцоогоо илүү дайчилж ажиллах, импортын эрчим хүчний хэмжээг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, эдийн засгийн ашигтай ажиллахын тулд зах зээлийн хэлбэрийг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан. Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс гадна дотны байгууллагуудтай хамтран судалгаа хийсний үр дүнд Урамшуулалд суурилсан зохицуулалтыг нэвтрүүлэхээр ажиллаж байна” хэмээн онцолж байлаа.


















