Айлын хотонд аянга бууж, их хэмжээний хохирол учруулжээ
Зургаадугаар сарын 22-23-нд шилжих шөнө орсон дуу цахилгаантай борооны үед Баянхонгор аймгийн Галуут сумын нэгдүгээр багийн нутаг Агьтын голын эхэнд зусаж байгаа малчин Г.Энхбаатарын хотонд аянга буусан байна.
Мэдээллийн алба

Багийн Засаг дарга Ц.Батнасангийн өгсөн уг мэдээллийн дагуу сумын Засаг даргын захирамж гарч ажлын хэсэг тухайн газарт очиж ажилласан байна. Дээрх газарт таван өрх зусаж байгаа бөгөөд орой 20.00 цагийн үед тэнгэр дуугарч бороо орж эхлэх үед бэлчиж явсан зарим үнээ зэлэн дээрээ буцаж иржээ.
Шөнийн 00.00 цагийн үед Х.Жаргалсайханыг хонио эргүүлээд гадаа явж байтал тэнгэр хүчтэй дуугарч тугалын зэлний орчимд цахилгаан газартай үргэлжлэн цахиж хоёр айлын нийт 14 үнээ /сарлаг/, 25 тугал хорогдсон байна.
Аянгад өртсөн үнээнүүдийн савганы үзүүр, сэрвээний үс нь бага зэрэг хуйхлагдсан байдалтай байжээ. Хорогдсон малыг орон нутгийн ханшаар хохирлыг тооцож үзэхэд үнээ 650.000₮, тугал 80.000₮ бөгөөд аянга буусны улмаас малчдад нийт 11100000 төгрөгийн хохирол учирсан болохыг Галуут сумаас гарсан ажлын хэсэг тогтоожээ.