Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 54.4 хувиар өсжээ
Мэдээллийн алба

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2026 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 65.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 23.0 (54.4%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар 21.5 (65.1%) их наяд төгрөгөөр, боловсруулах салбар 1.2 (17.4%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2026 оны эхний 10 сарын
урьдчилсан гүйцэтгэлээр 54.5 их наяд төгрөг болж өсөхөд металлын хүдэр олборлолтын
салбар 12.3 (67.7%) их наяд төгрөг, чулуун, хүрэн нүүрс олборлолтын салбар 8.6 (66.4%) их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт төмрийн хүдрийн баяжмал, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлууржоншны баяжмал болон чулуун нүүрсний биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 13.1 – 50.2 хувиар өсөж, харин хүрэн нүүрс, төмрийн хүдэр, газрын тос, цэвэршүүлээгүй алт, цайрын баяжмал, мөнгөний баяжмал 0.8 – 36.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт металл бэлдэц, цэвэр спирт, цемент, шингэн сүү, шохой, самнасан ноолуур, ноолууран сүлжмэл эдлэл зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 0.8 – 30.3 хувиар өсөж, харин гурил, ус, ундаа жүүс, цагаан архи, катодын зэс, малын мах, янжуур тамхи, нүүрсэн шахмал түлш зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.2 – 67.9 хувиар буурсан байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 23.0 (64.0%) их наяд төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолтын салбарын борлуулалт 14.0 (65.9%) их наяд төгрөгөөр, чулуун, хүрэн нүүрс олборлолтын салбар 8.4 (68.7%) их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Гадаад зах зээлд 2026 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 54.8 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 53.1 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт байна. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад орлуулалтын 36.4 хувийг нүүрс олборлолтын салбар, 59.2 хувийг металлын хүдэр олборлолтын салбар, 1.5 хувийг газрын тос олборлолтын салбар, 2.8 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байна.


















