Ажил хайж буй иргэдийн 23 хувь нь их сургууль төгсчээ
Өнөөдрийн байдлаар манай улсад идэвхитэй ажил хайж байгаа 24.5 мянган иргэн байна. Мөн ажлын байраа сайжруулах, солихоор дахин ажил хайж байгаа 12 мянган иргэн байна.
Мэдээллийн алба

Өнөөдрийн байдлаар манай улсад идэвхитэй ажил хайж байгаа 24.5 мянган иргэн байна. Мөн ажлын байраа сайжруулах, солихоор дахин ажил хайж байгаа 12 мянган иргэн байна. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд 36.5 мянган иргэн ажил хайж байна гэсэн үг. НҮБ-аас гаргасан судалгаагаар манай улсад их дээд сургууль төгсөж буй залуучууд 2,5-3 жилийн дараа тогтвортой ажлын байранд очиж байна.
Их сургууль төгссөн хэрнээ ажилд орж чадахгүй байгаа иргэдийн хувьд олон шалтгаан байдаг ч дийлэнх нь мэргэжлээ буруу сонгосонтой шууд холбоотой. Тухайлбал, өнгөрсөн онд л гэхэд нийт төгсөгчдийн 24 хувь нь бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн бөгөөд тэдгээр залуусын дийлэнх нь ажилгүй байна. Гэтэл хөдөлмөрийн зах зээлд нарийн мэргэжлүүд эрэлт их байсаар байгаа юм. Их сургуулиа төгсөөд шууд ажлын байртай болохын тулд зах зээлд эрэлттэй, зөв мэргэжлээ сонгох хэрэгтэй.
Хэдийгээр мэргэжил сонголтыг хувь хүний эрхийн асуудал гэж харж болох ч нөгөө талдаа төрийн байгууллагуудын тогтолцоонд нь энэ асуудлыг шийдэж болох юм. Дэлхий даяар зургаан мянга орчим төрлийн мэргэжил байдаг. Гэтэл манай улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 20 орчим төрлийн мэргэжлийг л нэрлэж, сонгодог. Судалгаанаас хархад, залуучууд мэргэжлээ сонгохдоо гэр бүл, найз нөхдийн хүрээнд ярилцаж, тухайн мэргэжлийн нэр хүндийг харгалздаг байх юм. Гэтэл мэргэжлээ сонгохдоо нэр хүндээс илүү цаашид хэр эрэлттэй, үнэ цэнэтэй болох зэргийг нь харгалзаж олон талын мэдээллийг цуглуулах хэрэгтэй юм.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын судлагааны институтээс гаргасан судалгаагаар 2018 онд дээд мэргэжлээс барилгын болон хийн хоолойн инженер мэргэжил хамгийн эрэлттэй байх юм. Харин мэргэжлийн боловсролын хувьд цахилгаанчин, эм найруулагч, оёдолчин , мужаан хамгийн эрэлттэй байх юм.


















