Ажилгүй иргэдийг мэргэшсэн жолоочийн ажлын байраар хангана
Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто тээвэрлэлтэд ажиллах жолоочийн эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор мэргэшсэн жолооч нарыг ажил хайж буй иргэдээс бүрдүүлэхээр болжээ.
Мэдээллийн алба

Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто тээвэрлэлтэд ажиллах жолоочийн эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор мэргэшсэн жолооч нарыг ажил хайж буй иргэдээс бүрдүүлэхээр болжээ. Энэ оны наймдугаар сарын байдлаар улс хооронд авто тээврээр тээвэрлэсэн 13.2 сая тонн ачааны 11.8 мянган тонныг нь нүүрс тээвэрлэлт эзэлж байгаа судалгаа бий. Үүнээс уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26.4 хувь өссөн үзүүлэлттэй байгааг харж болно.
Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүнийг 2016 оны наймдугаар сарын байдлаар авч үзвэл нүүрс 11854.6 мянган тонн, газрын тос 696.2 мянган тонн, зэсийн баяжмал 644.3 мянган тонн, төмрийн хүдэр 12.9 мянган тонн тус тус экспортложээ.
Цаашид нүүрсний эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор тээвэрлэлтийн үйл ажиллагаа идэвхжих хандлагатай байгаа юм. Өнөөдрийн байдлаар улс хоорондын 10 чиглэлд байнгын ачаа тээвэрлэлтийг 130 аж ахуйн нэгж, байгууллага, 4200 гаруй тээврийн хэрэгсэл 4552 жолооч тээвэрлэлт гүйцэтгэдэг. Тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж байгаатай холбогдуулан авто тээврийн салбарт улс хоорондын ачаа тээврийн үйлчилгээнд ажиллах жолоочийн эрэлт нэмэгдэж байна. Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто тээврийн салбарт дутагдалтай байгаа мэргэшсэн жолоочийн ажлын байранд ажил хайж буй иргэдийг хамруулахаар болжээ. Энэ хүрээнд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллаж байгаа бөгөөд хөдөлмөрийн биржид бүртгэлтэй, ажилгүй иргэдийг ажлын байраар хангагдах боломжтой болж байгаа юм.
Одоогийн байдлаар улс хоорондын тээвэрлэлтийн үйлчилгээ эрхэлж буй 37 аж ахуйн нэгж байгууллагаас 460 гаруй жолооч шаардлагатай байгаа талаарх судалгааг Зам, тээврийн хөгжлийн яаманд ирүүлсэн талаар албаныхан хэлж байна.
Авто тээврийн тухай хуульд зааснаар тухайн тээвэрлэлтийг гүйцэтгэхэд зохих ангиллын мэргэшсэн жолоочийг ажиллуулахаар заасан бөгөөд батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдаж мэргэжлийн үнэмлэх авсан байх шаардлага тавьдаг аж. Статистикийн мэдээгээр 2016 оны 2 дугаар улирлын байдлаар нийт салбаруудын сарын дундаж цалин 888 мянган төгрөг байгаа бол мэргэшсэн жолоочийн дундаж цалин 1.2 сая орчим байхаар ажлын байрны захиалга ирүүлжээ. Мөн улирлын ажиллах хүчний судалгааны дүнгээр улсын хэмжээнд ажилгүй иргэд 131300 байгаагаас хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй 39400 ажил хайгч байна. Эдгээрийн 46 орчим хувь нь эрэгтэйчүүд бөгөөд 60.6 хувь нь 15-34 насны залуус байна.
Эх сурвалж: Зам, тээвэр хөгжлийн яам


















