Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ажлын хэсэг Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд ажиллав

Хууль зүйн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв болон Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ажлын хэсэг Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд ажиллав
Ажлын хэсэг Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд ажиллав. Зураг: МҮОНРТ

Хууль зүйн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв болон Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, Түр хамгаалах байранд ажиллан, үйл ажиллагаатай нь танилцав.

Хүүхдийн тусламжийн 108 утас нь өдөр бүр 24 цаг, дөрвөн ээлжээр ажилладаг байна. Нэг ээлжинд гурван зөвлөгч-сэтгэл зүйч, нэг ахлах нийгмийн ажилтан зөвлөгөө, мэдээлэл өгч, газар дээр нь шуурхай үйлчилгээ үзүүлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг Түр хамгаалах байранд авчрах зорилгоор нэг жолоочтой ажилладаг байна. Тус төв 2014 оны зургаадугаар сарын 01-ний өдрөөс хойш тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд нийтдээ 745.000 гаруй дуудлага хүлээж авсны 495.000 орчим нь зорилтот дуудлага болохыг Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн захирал Д.Ундараа танилцуулав. Өдөрт 450-700 дуудлага хүлээн авдаг бөгөөд 102, 103, 105 дугаар буюу Мэдээлэл, шуурхай удирдлагын төвтэй нягт хамтран ажилладаг байна. Аравдугаар сараас эхлэн тус төвд хандаж буй иргэдийн тоо өссөн гэдгийг тэрбээр онцлоод “Сард 12.000-14.000 дуудлага хүлээн авдаг байсан бол аравдугаар сард 20420 дуудлага хүлээн авсан” гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь хөршүүдээс хүүхдийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл хэр их ирүүлж байгааг тодруулахад “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш харьцангуй өссөн. Үүний шалтгаан нь хамтарсан багууд харъяа нутаг дэвсгэрийнхээ иргэд, зорилтот хэсгүүдэд сургалт явуулж, мэдээлэх, таниулах ажил нэлээд хийсний үр дүн гэж бид үзэж байгаа. Бас сургууль, цэцэрлэгийн орчинд ажилладаг иргэдээс манай төвд хандан мэдээлэл ирүүлж байгаа” гэлээ. Тус төвийн ажилтнуудын нийгмийн асуудал, тэр дундаа стрессийн менежментийг хэрэгжүүлэх, үүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх шаардлага үүсээд буйг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтсансүх хэлж байсан.

2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн дэргэд эрсдэл өндөр бүхий хүүхдэд 72 цагийн хугацаанд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой Түр хамгаалах байрыг ажиллуулж эхэлжээ. Арваннэгдүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 212 хүүхдэд буюу 0-3 насны 34, 4-6 насны 56, 7-9 насны 40, 10-14 насны 38, 15-18 насны 44 хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн талаар Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, Түр хамгаалах байрны зохицуулагч М.Содгэрэл танилцуулав. Түр хамгаалах байранд ирж буй хүүхдүүдийн дийлэнх нь үл хайхрах хүчирхийлэлд өртсөн байдаг аж. Өнөөдрийн байдлаар долоон хүүхэд байрлаж байгаа бөгөөд тус байгууллага 11 ажилтантай талаар ажлын хэсгийн гишүүдэд танилцуулан, Түр хамгаалах байрны орчин нөхцөл, хийгдэж буй өргөтгөлийн ажлыг үзүүлэн, мэдээлэл өгсөн юм.

Хуваалцах