Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Амралтын өдөр бүр унадаг дугуйтай тогтмол аялал болно

Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Унадаг дугуйтай тогтмол аялал”-ын нээлт болсон бөгөөд үүнд МЗХ-ны “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн санаачилгаар Монголын Залуучуудын Аялал Жуулчлалын Корпораци, Залуу Дугуйчин Клуб, Каннондэйл дугуйн дэлгүүр, Аттила дугуйн дэлгүүр, Үнд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Амралтын өдөр бүр унадаг дугуйтай тогтмол аялал болно
Амралтын өдөр бүр унадаг дугуйтай тогтмол аялал болно. Зураг: МҮОНРТ

Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Унадаг дугуйтай тогтмол аялал”-ын нээлт болсон бөгөөд үүнд МЗХ-ны “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн санаачилгаар Монголын Залуучуудын Аялал Жуулчлалын Корпораци, Залуу Дугуйчин Клуб, Каннондэйл дугуйн дэлгүүр, Аттила дугуйн дэлгүүр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг байгууллагууд хамтарчээ.

Энэхүү аялал нь "Унадаг дугуйтай Улаанбаатар" төслийг дэмжих, хотын иргэдийг дугуйгаар аялах боломжийг бүрдүүлэх, амралтын өдрийг спиртлэг бус спортлог өнгөрүүлэх, аялагчдын тоог нэмэгдүүлэх зорилготой юм. Аялал Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Маршалын гүүр-Их тэнгэрийн ам-Хадны сүг зураг гэсэн маршрутаар нийт 18 км замаар зургаан цаг аялсан бөгөөд нийт 60 гаруй залуус оролцсон байна. Аялалд оролцсон хамгийн бага настай нь долоо, хамгийн ахмад нь 63-тай хүн байв. Унадаг дугуйтай аялалд гэр бүл, найз нөхдөөрөө ирж оролцож байгаа залуус олон байсан. “Цаашид ийм төрлийн аялал тогтмол зохион байгуулах гэж буйд сэтгэл өөдрөг байна. Мөн аялал сонирхолтой гоё боллоо байнга оролцох болно” гэдгээ илэрхийлсэн юм.

Унадаг дугуйн аяллыг хоёр жилийн турш зохион байгуулж буй “Залуу дугуйчин клуб” аяллын зохион байгуулалтыг хийсэн байна. Энэхүү аялалд оролцогчдод зориулж хээрийн цай, хөгжөөнт тоглоом, өглөөний гимнастик, флашмобыг хийсэн нь аялагчдын сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн бөгөөд бусад дугуйн аяллаас их онцлогтой болсон гэдгийг аялагчид дурдаж байв.

Аяллын хөтөлбөрийн дараа оролцогчид буудалласан газрынхаа хогийг сайн дураараа нэгдэж цэвэрлэж байсан нь дугуй унадаг хүмүүс байгаль дэлхийгээ хэрхэн хайрладгийг харуулсан явдал боллоо. Аялалд хамрагдах хүмүүсийг сонирхлын бүлгээр нь захиалгат аялал, тогтмол аялал гэсэн хоёр төрөлд хуваасан. Тогтмол аялалд оролцогчид дугуйгүй бол 15.000 төгрөгийн төлбөртэй /Аяллын дугуй, Хээрийн цай, Хөгжөөнт тоглоом, Өглөөний дасгал, нэг өдрийн аяллын даатгал/, дугуйтай бол ямарваа нэгэн хураамж авахгүйгээр хамтдаа аялах боломжийг зохион байгуулагчид бүрдүүлсэн нь үнийн хувьд уян хатан бөгөөд хямд үнийг иргэдэд санал болгож байгаа юм. Унадаг дугуйтай аялалд оролцох хүсэлтэй хүмүүс бямба, ням гараг МЗХ-ны төв байран дээр өглөөний 10 цагт ирээд нэгдэж болох юм байна.

Хуваалцах