Анхны эмэгтэй тээвэрчин Б.Сосор дулаан байрандаа өвөлжиж байна
"Полу-АА" хэмээх ачааны машиныг 1941 онд Холбооны яаманд анх барьж, ажил, амьдралын гараагаа эхэлсэн Монгол Улсын 299 дэх жолооч буюу "Анхны эмэгтэй тээвэрчин" Б.Сосор гуай өдгөө 96 насыг зооглож, хүндлэл хайраар өлгийдүүлэн аж төрж байна.
Мэдээллийн алба

"Полу-АА" хэмээх ачааны машиныг 1941 онд Холбооны яаманд анх барьж, ажил, амьдралын гараагаа эхэлсэн Монгол Улсын 299 дэх жолооч буюу "Анхны эмэгтэй тээвэрчин" Б.Сосор гуай өдгөө 96 насыг зооглож, хүндлэл хайраар өлгийдүүлэн аж төрж байна.
Өнгөрсөн онд Автотээврийн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойн баярыг тохиолдуулан Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, хамтран ажилладаг аж ахуй нэгж байгууллагууд, тээврийн салбарынхан хамтран сайн үйлсийн аян эхлүүлсэн юм.

Олны хүч, хичээл зүтгэлийн үр дүнд өнгөрсөн оны долоодугаар сард Б.Сосор гуай 2 өрөө байрны түлхүүрээ гардан авч, дулаан байрандаа тав тухтай амьдрах боломжтой болсон билээ.
Тэрбээр “Ажил хүнийг голдоггүй юм байна. Аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийж, хичээл зүтгэл гаргавал үр шим нь хэзээ нэгэн цагт ирдэг юм байна шүү” хэмээн баярын нулимс дуслуулан, төрийн сүлд, түмэн олондоо залбирч сууна.

Энэхүү сайн үйлсийг дэлгэрүүлэх ажлыг санаачилсан ЗТХЯ-ны удирдлагууд, Автотээврийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга С.Батболд, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын хамт олон болон сайн үйлсийг дэмжиж, хамтран ажилласан 40 гаруй байгууллагууддаа гүн талархал илэрхийлье.
Та бүхний алтан шар зам өлзийтэй байж, сайн үйлс бүхэн нь түгэн дэлгэрэх болтугай!

Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв


















