“Анзаар” арга хэмжээг 21 аймагт зохион байгуулна
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 5 жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 1064 гэмт хэрэг, 1300 яллагдагч цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Мэдээллийн алба

Нэгдсэн үндэстний байгууллагын “Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба” (UNODC)-наас бага, дунд орлоготой улс орнуудад бусад улсад амжилттай хэрэгжсэн “Гэр бүлд болон сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхийг зөвлөсөн.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 5 жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 1064 гэмт хэрэг, 1300 яллагдагч цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Насны байдлаар авч үзвэл 53.9 хувийг 18-25 нас, 32.7 хувийг 26-35 насны өсвөр үе, хүүхэд залуучууд эзэлж байна.
Иймд цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах зорилгоор 2022 онд “Анзаар” арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан. Энэ арга хэмжээний хүрээнд 852 удаагийн сургалт, мэдээллийн ажлыг танхимаар зохион байгуулж 45 мянга гаруй хүнийг хамруулснаар хүүхэд холбогдсон гэмт хэрэг 42 хувиар буурч, мансууруулах бодис, ахуйн хэрэглээний зүйл зориулалтын бусаар хэрэглэж мансуурдаг 72 хүүхдийг олж тогтоон сэтгэл зүйн зөвлөгөө өгч, мэргэжлийн байгууллагуудад холбон зуучилжээ.
Тэгвэл энэ онд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсролын ерөнхий газартай хамтран “Анзаар” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулахаар ажиллаж байна.


















