Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Автомат Робот-2018” хаврын тэмцээн болж байна

ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн сургуулийн захиргаа болон High Tech оюутны клубээс зохион байгуулж байгаа Автомат-робот-2018 эхний өдрийн тэмцээнүүд амжилттай болж өндөрлөлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
“Автомат Робот-2018” хаврын тэмцээн болж байна
“Автомат Робот-2018” хаврын тэмцээн болж байна. Зураг: МҮОНРТ

ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн сургуулийн захиргаа болон High Tech оюутны клубээс зохион байгуулж байгаа Автомат-робот-2018 эхний өдрийн тэмцээнүүд амжилттай болж өндөрлөлөө.

Робот сонирхогчдын "Робокон" нийгэмлэг, ШУТИС-ийн МХТС-ийн захиргаа, МХТС-ийн “High Tech” клуб хамтран нийслэл болон хөдөө орон нутгийн робот сонирхогчдыг хамарсан дөрвөн төрөлт тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Тэмцээний цар хүрээ жил бүр өргөжиж, 50 гаруй ерөнхий боловсролын сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд болон их, дээд сургуулийн 400 гаруй оюутан сурагчид оролцож,

• Тойрог замын уралдаан
• Шулуун замын уралдаан
• Робот хөл бөмбөг
• Шоо цуглуулагч робот гэсэн төрлүүдээр мэдлэг чадвараа сорин уралддаг болсон.

Энэ жилээс эхлэн олон улсын уралдаан тэмцээнд хүүхэд, залуусаа оролцуулах зорилготойгоор "Автомат робот" тэмцээний хүрээнд "Robot Race" хэмээх төрлийг шинээр оруулжээ. “Robot Race" төрлийн онцлог нь муруй хэлбэрийн битүү замаар уралддаг бөгөөд уралдааны замын хэлбэр, саадыг тэмцээний өдөр хүртэл нууцалдаг байна.

Энэ удаагийн тэмцээний ЕБС-ийн ангилалд Улаанбаатар хотоос "Бяцхан өргөө" цэцэрлэг, Улаанбаатар хотын 1, 23, 33, 42, 53, 56, 74, 97-р сургуулиуд, "Эрдэм Баян" дээд сургууль, Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж, "Хүннү робот" клуб, ШУТИС-ийн Ахлах сургууль, ШУТИС-ийн "Коосен" Технологийн коллеж, "Глобал" Олон улсын дунд сургууль, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль, "Оюунлаг" бүрэн дунд сургууль, "Монгол коосэн", "Braintime робот" электроникийн сургалтын төв тус тус оролцсон бол хөдөө орон нутгаас Говь-Алтай аймгийн 1-р сургууль, Увс аймгийн 1-р сургууль, Төв аймгийн Батсүмбэр сумийнЕБС, Төв аймгийн Мөнгөнморьт сум ЕБС, Булган аймгийн Лаборатори сургууль, Баянхонгор аймгийн Номгон ахлах сургууль, Өвөрхангай аймгийн Мэргэд лаборатори сургууль, Орхон аймгийн ХАА-н МСҮТ, Сэлэнгэ аймгийн МСТ, Дархан-Уул аймгийн ШУТИСДаТСлицей зэрэг 29 сургуулийн 79 багийн 152 сурагч өрсөлдөж байна.

Их, дээд сургуулийн ангилалд МУИС ХШУИС, МУБИС ДУТС, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн ИС, Монгол Солонгосын Политехник Коллеж, Тээврийн дээд сургууль, Үндэсний Батлан Хамгаалахын ИС болон ШУТИС-ийн салбар МХТС, ЭХИС, МеТС, ҮТС, ГУУС ба Дарханы Технологийн сургууль гэсэн 14 сургуулийн 152 багийн 281 оюутан оролцож байна.

Өнөөдрийн тэмцээний Ерөнхий боловсролын сурагчдын ангилалд:

· Тэргүүн байрыг Braintimeробот, электроникийн сургалтын төвийн Б.Батхишиг ахлагчтай BRAINTIME-2 баг,

· Дэд байрыг "Braintimeробот" электроникийн сургалтын төвийн Б.Жадамбаа ахлагчтай BRAINTIME-4 баг тус тус эзэллээ.

Их, дээд сургуулийн ангилалд,

· Тэргүүн байрыг Тээврийн дээд сургуулийн А.Бат-Өлзий ахлагчтай ХОЛБОО-2 баг,

· Дэд байрыг ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургуулийн С.Тэмүүлэн ахлагчтай CANNIBAL ROBOTIC баг тус тус эзэллээ.

Мөн Увс аймгийн 1-р сургуулийн Ц.Одонхүү ахлагчтай SPEED багийн роботыг “Шилдэг дизайн”, Тээврийн дээд сургуулийн Б.Энхжин ахлагчтай "Обгон" багийн роботыг “Найдвартай ажиллагаа”-тай роботоор шалгарууллаа.

Робот хөлбөмбөгийн тэмцээнд 6 сургуулийн 12 баг өрсөлдсөнөөс,

- Тэргүүн байранд Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн Г.Энхболд ахлагчтай "TTF" баг

- Дэд байранд ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургуулийн Г.Эрдэнэбат ахлагчтай "TELECOM" баг

- Гуравдугаар байранд 23-р сургуулийн С.Мөнхболд ахлагчтай 1-р баг тус тус шалгарлаа.

"Автомат робот-2018" тэмцээн маргааш буюу 2018 оны 04-р сарын 29-ндШУТИС, МХТС-ийн байранд үргэлжилнэ.

Дэлхийн олон улсад оюутан залуучууд, хүүхэд багачуудын зохион бүтээх авьяас чадвар, техник сэтгэлгээг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие даан суралцах үйл ажиллагааг дэмжих зорилготой роботын төрөл бүрийн тэмцээн уралдааныг зохион байгуулдаг. Үүний нэг адил цагаан зураасан замаар уралддаг роботын тэмцээнийг Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн “High Tech” сайн дурын клубийн оюутнууд санаачлан 2009 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн юм.

Хуваалцах