“Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгад 19 аймаг нэгдлээ
Хүн ам өсөж, хот суурин газрын төвлөрөл ихэссэнээс газар хөдлөлт, үер, гал түймэр, техникийн болон үйлдвэрийн осол зэрэг байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой гамшиг ослоос шалтгаалсан эрүүл мэндийн болон эдийн засгийн хохирол буурахгүй байгаа юм.
Мэдээллийн алба

Тиймээс НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах үйл ажиллагааг дэмжих замаар хот суурин газрын тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

Тус хөтөлбөрт Монгол Улс 2016 онд анх нэгдэн орж, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд дэлхийн бусад орнуудтай харилцан туршлага солилцож, аюулгүй хот бий болгох зорилт тавин ажиллаж нэгдэн орсон юм. Тэгвэл өнөөдөр үлдсэн 19 аймаг тус хөтөлбөрт нэгдсэн бөгөөд, аймгийн Засаг дарга А.Гылымхан тус хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан сургалт семинарт оролцож батламжаа гардан авлаа.
Онцолж хэлэхэд энэхүү хөтөлбөрт нэгдсэнээр дэлхийн бусад орнуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд харилцан туршлага солилцох, аюулгүй хотыг бий болгох үйл ажиллагаанд тусламж дэмжлэг авах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрдэх давуу талтай юм. Мөн Монгол Улс НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” хөтөлбөрт бүх аймаг нь нэгдсэн Азийн анхны улс болж байна.
Н.Ерлан
bayan-olgii.gov.mn