Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Б.Чойжилсүрэнг Сангийн сайдаар томилохыг дэмжлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай болон Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр өргөн мэдүүлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Чойжилсүрэнг Сангийн сайдаар томилохыг дэмжлээ
Б.Чойжилсүрэнг Сангийн сайдаар томилохыг дэмжлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай болон Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр өргөн мэдүүлсэн.

Үүнтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооны хуралдаан өчигдөр 19 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын гишүүн-Сангийн сайдыг томилох тухай асуудал хэлэлцэв. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Баттогтохын Чойжилсүрэнг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байнгын хорооны гишүүдэд танилцуулсан юм.

Б.Чойжилсүрэн нь 1988-199З онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургуулийг автоматикч телемеханикч мэргэжлээр төгссөн. 199З-1995 онд ОХУ-ын Екатеринбург хотын “СП-Каман” компанийн захирал, 1995-1999 онд “Хурд Ч” ХЭАА-н захирал, 1999-2006 онд “Хурд Хүнс” ХХК-ийн захирал, 2006-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, 2008 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж иржээ.

Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд харин УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ц.Нямдорж, Б.Баттөмөр нар үг хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Тухайлахад, гишүүн Ц.Нямдорж төсвийн байгууллагуудад асар их өрийн сүлжээ үүссэн байж болзошгүй байгаа тул бодит байдалд сайтар дүгнэлт хийж, хүндрэлээс гарах аргуудыг шат дараалалтай авч хэрэгжүүлэхийг сануулсан бол Б.Баттөмөр гишүүн төсвийн орлого бүрдүүлэлтэд анхаарч татвар төлөх төлөвшлийг бий болгох, эдийн засгийн тогтвортой хуримтлал, шинэ эдийн засгийн загвар бий болгож ажиллахыг захиж байв.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилохыг дэмжиж, энэ талаархи санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Хуваалцах