Б.Гарамгайбаатар нарын гишүүд Хэнтий аймагт ажиллалаа
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, С.Одонтуяа нар өнгөрөгч өдрүүдэд Хэнтий аймагт ажиллалаа.
Мэдээллийн алба

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, С.Одонтуяа нар өнгөрөгч өдрүүдэд Хэнтий аймагт ажиллалаа. Тодруулбал, гуравдугаар сарын 2-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд ажилласан. Энэ үеэр сумын Соёлын төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Соёлын төв нь улсын төсвөөс жилдээ 78 сая төгрөгийн санхүүжилт авдаг, энэ нь цалин хөлс, үйл ажиллагааны болоод урсгал зардалдаа хүрэлцдэггүй байна. Зардлаа хэмнэхийн тулд орон тооны найман ажилтан нь тус бүр 2-3 хүний ажлыг давхар гүйцэтгэдэг аж. Түүнчлэн барилга нь муудаж, мөөгөнцөртсөн тул засвар хийх шаардлагатай байгаа ч хөрөнгө нь өнөөг хүртэл шийдэгдээгүй аж. Иймд засвар хийхэд шаардлагатай 180 орчим сая төгрөгийг шийдвэрлэж өгөхийг Соёлын төвийн эрхлэгч И.Буянхишиг гишүүдээс хүссэн юм.
Дээрхээс гадна сумын сургуулийн спорт заалны барилга муудсан, биеийн тамирын үйл ажиллагаа явуулах шаардлага хангахгүй байгаа тул шинээр орчин үеийн стандартад нийцсэн спорт заал барих хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг хүссэн. Гэвч эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ийм боломжгүй, харин концессын гэрээгээр бариулах боломж бий гэдгийг Б.Гарамгайбаатар гишүүн хэллээ. УИХ-ын гишүүд зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцсаны дараа иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр иргэд тэтгэврийн нэмэгдэл, тэтгэврийн зээлийн хүү, малын хөлийн татвар, “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг томоохон төслүүдийн хэрэгжилтийн талаар санал хүсэлтээ илэрхийлж, сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
Үүний дараа Хэнтий аймгийн Чингис хотод ажиллаж, зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Гишүүдийн танилцсан эхний байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба. Тус алба нь Хэнтийгээс гадна Дорнод, Сүхбаатар аймгаас хорих ялаар шийтгэгдсэн хоригдлуудыг хүлээн авдаг зүүн бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ганц Хорих ангитай. Одоогоор 300 гаруй хүмүүжигч хорих ял эдэлж байна. Тэднийг нийгэмшүүлэх, ажил хөдөлмөрт сургаж, мэргэжлийн баримжаа олгох тал дээр нэлээд анхаарч ажилладаг нь анзаарагдаж байлаа.
Дараа нь нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эмч, ажилтнуудтай уулзалт хийсэн юм. Энэ үеэр эмч, ажилтнууд эмнэлгийг эрүүлжүүлэх газар болгосныг буруушааж, тэтгэвэрт гарахад нэг удаа олгодог тэтгэмжийг бууруулахгүй байхыг хүсч, эрүүл мэндийн байгууллагыг цахимжуулах шаардлагатай байгааг дуулгалаа. Нэгдсэн эмнэлгийн барилга муудаж, хоёр блокт нь үйл ажиллагаа явуулахыг хориглосон Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарчээ. 12 тэрбум төгрөгийн өртөг бүхий шинээр баригдаж буй эмнэлгийн барилгын ажил 30 хувьтай байгаа аж. Үлдсэн хөрөнгийг шийдвэрлэж, энэ ондоо багтаан барилгын ажлыг дуусгах тал дээр анхаарч ажиллахыг эмнэлгийн удирдлага хүслээ.


















