Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Б.Хашмаргад: Машинаар 2-3 хоног явж түймрийн голомтод хүрч байна

Өнгөрсөн өвөл цас бага унаж, хавар эрт дулаарсан учраас хуурайшилт ихтэй байгаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Б.Хашмаргад: Машинаар 2-3 хоног явж түймрийн голомтод хүрч байна
Б.Хашмаргад: Машинаар 2-3 хоног явж түймрийн голомтод хүрч байна. Зураг: МҮОНРТ

Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын дарга Б.Хашмаргадтай ярилцлаа.

-Улсын хэмжээнд гал түймрийн гаралт их байна. Хан Хэнтийн дархан цаазат газрын хувьд нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Өнгөрсөн өвөл цас бага унаж, хавар эрт дулаарсан учраас хуурайшилт ихтэй байгаа. Уулсаас эх авч буй зарим голууд тасрах төвшинд хүртлээ хатсан. Хан Хэнтийн хувьд 3 газар түймэр асч байгаа. Арцатын түймэр өнгөрсөн тавдугаар сарын 17-ноос хойш ассан. Нийт 60 гаруй хүн бүтэн хоёр сар гаруйн хугацаанд унтраах арга эмжээ авсны үндсэн дээр цурманд нь орууллаа. Дээр нь Өмнөдэлгэр суманд гарсан түймрийг унтрааж чадаагүй. Одоо Онцгой байдлын ерөнхий газраас нэмэлт хүч гарган ажиллаж эхлээд байна. Харин Мөнгөнморьт суманд гарсан ил түймрийг унтраасан боловч хөрсөн дор үндсээрээ уугьсаар байгаа. Эргэн асах тохиолдол гарах болсон. Тиймээс дархан цаазат газар болон онцгой байдлын албан хаагчид тасралтгүй ажиллаж байна. Одоогийн байдлаар 16 шоо км газар түймэрт сүйдсэн.

-Бүхэл бүтэн хоёр сарын хугацаанд түймрийг унтраахаар ажиллаж байна гэлээ. Нөхцөл байдал хүнд байгаа бололтой?

-Хүндхэн байна. Наад зах нь түймрийн голомтод хоол хүнс, тусламж хүргэхийн тулд 2-3 хоног автомашинаар явдаг. Зам нь “Зил-131”-ээс өөр автомашин хүрэх боломжгүй бартаа саадтай. Төсөв мөнгөний хувьд ч хүндрэл гарах болсон. Тухай бүрт Тусгай хамгаалалттай газрын захиргаа, Онцгой байдлын газрууд, орон нутгаас шийдвэрлэж байна. Сар гаруй түймэр дээр ажилласан албан хаагчид ядарсан ч хүн хүчний дутагдлаас болоод сэлгэх боломжгүй байгаа.

-Дулааны улирал эхэлсэн нь галын шалтгаантай холбогдож байна уу, эсвэл өөр хүчин зүйлс нөлөөлөв үү?

-Хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан зүйл бий. Хуулиар хуш модны самар бэлтгэхийг гуравдугаар сарын 15-наас хойш хориглосон байдаг. Гэвч борлуулах, худалдан авахыг нь зохицуулаагүй байдаг учраас галт түймэр гарах эрсдэлийг нэмж байна. Тэгэхээр үүнтэй холбоотой зохицуулалт хийх шаардлагатай. Мөн байгалийн хүчин зүйлс нөлөөлж байгаа. Тухайлбал, Өмнөдэлгэрт гарсан түймэр аянга буусны улмаас гарсан байх магадлал маш өндөр.

-Танай газрын зүгээс хэдэн га газрыг хэмжээний газрыг хариуцан хамгаалдаг вэ?

-Хан Хэнтийн дархан цаазат газар нийт 1.7 сая гаруй га талбайг хариуцан хамгаалдаг. Гэвч нэг байгаль хамгаалагч ойролцоогоор 60 мянган га газрыг хамгаалж ирсэн. Өөрөөр хэлбэл, гурван Богд уулыг нэг хүн хамгаалж байна гэсэн үг. Энэ талаасаа хүн хүчний хүрэлцээний асуудал хүндрэлтэй. Тиймээс галт түймрийн эрсдэл өндөртэй үед салбарын яамдууд хамтран цэргийн анги нэгтгэлүүд, тэдгээрийн хүн хүч, техник хэрэгслийг дайчилбал илүү хурдан хүндрэл бага гарах талтай.

Хуваалцах