Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ төрийн торгон цэргүүдээ эргэв
Монгол Улсын төрийн болон цэргийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцох, хэв журам сахиулах, харуул хамгаалалтын гурамсан үндсэн үүрэг бүхий Зэвсэгт хүчний 032 дугаар анги түүхт 90 жилийнхээ ойг энэ л өдрүүдэд ёслон тэмдэглэж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын төрийн болон цэргийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцох, хэв журам сахиулах, харуул хамгаалалтын гурамсан үндсэн үүрэг бүхий Зэвсэгт хүчний 032 дугаар анги түүхт 90 жилийнхээ ойг энэ л өдрүүдэд ёслон тэмдэглэж байна. Жил жилийн цэрэг татлагаар эх орны дөрвөн зүг найман зовхисоос эрдэм боловсрол, бие хаа, зүс царайгаараа үеийнхнээсээ шилэгдэн ирсэн залуус энэхүү ангид хуваарилагдсандаа талархаж, нэр төртэй хаахын төлөө чармайж, мөнхүү насан туршдаа бахархан дурсдаг гэнэм. Үнэхээр монгол цэргийн сор жавхаа, хийморь цог нь болох төдийгүй бүс нутаг, тив дэлхийн зочид төлөөлөгчдөд эх орны минь нүүр царай болон учирдаг хөвгүүдээрээ бахархахгүй байхын аргагүй.
Д.Бат-Эрдэнэ сайд их цагаан сүлднээ хүндэтгэл үзүүлээд, эгнэн жагссан жавхаалаг дайчидтайгаа мэндчилж, ангийн үйл ажиллагаатай танилцаж эхэллээ. Ангийн захирагч, хурандаа Л.Батболд ерэн жилийн дайчин замналтай ангийнхаа үүх түүхийг товчхон дурдаад, өнөөдөр “Төрийн торгон цэргүүд” маань хэрхэн цэргийн эрдэмд боловсорч, төрийн ёслолд суралцан, төлөвшиж байгаа талаар танилцууллаа. Батлан хамгаалахын сайдыг дагалдан ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ-ны СБТГ-ын дарга, хурандаа Г.Сайханбаяр, ХШҮДАГ-ын дарга, бригадын генерал Г.Энхбаатар нарын албаны хүмүүс оролцлоо.


















