Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Улс төр

Батлан хамгаалахын сайд Д.Батлут Бүгд Найрамдах Турк улсын үндэсний батлан хамгаалахын дэд сайдыг хүлээн авч уулзлаа

БХ
Батлан Хамгаалахын Яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Батлан хамгаалахын сайд Д.Батлут Бүгд Найрамдах Турк улсын үндэсний батлан хамгаалахын дэд сайдыг хүлээн авч уулзлаа
Батлан хамгаалахын сайд Д.Батлут Бүгд Найрамдах Турк улсын үндэсний батлан хамгаалахын дэд сайдыг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут өнөөдөр (2026.10.16) Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний батлан хамгаалахын дэд сайд Муса Хэебэтийг хүлээн авч уулзаж, хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр сайд Д.Батлут Монгол, Туркийн харилцаа 2025 онд Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг онцолж, энэхүү түншлэлийг батлан хамгаалах салбарын бодит төсөл, хөтөлбөрөөр бататгах нь чухал болохыг тэмдэглэв.

Талууд цэргийн боловсрол, сургалт, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, батлан хамгаалах аж үйлдвэр, техник, технологийн чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар ярилцлаа.

БНТУ-ын Үндэсний батлан хамгаалахын дэд сайд Муса Хэебэт хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа эрчимтэй хөгжиж байгааг онцлоод, цэргийн хамтарсан сургалт, хээрийн сургуулилалт, боловсон хүчин бэлтгэх, батлан хамгаалах аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллахаа илэрхийлэв.

Тэрбээр Турк Улсад өнөөг хүртэл Монгол улсын 350 орчим сонсогч батлан хамгаалах чиглэлээр суралцсаныг дурдаж, цаашид нисгэгчгүй нисэх төхөөрөмж, кибер аюулгүй байдал, сансрын технологийн ашиглалт, хилийн аюулгүй байдал зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг тэмдэглэлээ.

Мөн Туркийн батлан хамгаалах аж үйлдвэрийн технологи, үйлдвэрлэлийн туршлагаас хуваалцаж, Монгол Улсын батлан хамгаалах аж үйлдвэрийн хөгжлийг дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд талууд Монгол, Туркийн стратегийн түншлэлийн хүрээнд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, харилцан итгэлцэлд тулгуурласан хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Хуваалцах