Баяр наадмын өмнө цэнгэлдэх хүрээлэнг засварлана
Хэнтий аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадам энэ жил тохиож байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар 17 салбар хороо байгуулагдсан юм.
Мэдээллийн алба

Хэнтий аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадам энэ жил тохиож байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар 17 салбар хороо байгуулагдсан юм. Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан тус салбар хороодын дарга, нарийн бичгийн дарга нар хуралдаж төсөв, төлөвлөгөөгөө танилцуулжээ.

Энэ жилийн баяр наадмыг урьдчилсан байдлаар долоодугаар сарын 13, 14-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр товлоод байгаа юм. Гэсэн хэдий ч Засгийн газар бүх аймгийн баяр наадмыг нэг өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг болох талаар хэлэлцэж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан товлосон өдөрт өөрчлөлт орох магадлалтай юм. Орон нутгийн хувьд энэ жил цэнгэлдэх хүрээлэнг засаж тохижуулах ажлууд хийнэ. Үүнд бүх сандлыг шинэчлэх, сүүдрэвч барих, зам, талбай, зүлэг ногоог янзлах, гэрэлтүүлэг, өнгө үзэмжийг сайжруулах, жорлон барих зэрэг ажлууд багтжээ.
Хуралдаанаар салбар хороод наадмыг зохион байгуулахад гардаг хүндрэлүүд, тулгамдаж буй асуудлууд болон өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан хийх ажлуудаа ярилцсан бөгөөд дараагийн хуралдааныг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хийхээр товложээ.


















