“Бичиг соёл-2015" уран бичлэгийн үзэсгэлэн нээгдэнэ
Үзэсгэлэн маргааш буюу тавдугаар сарын 22-ны өдрийн 14:00 цагт Монголын Урчуудын Эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд нээгдэнэ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй "Бичиг соёл-2015" монгол бичгийн уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдах талаар өнөөдөр Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Уг хэвлэлийн хуралд Хэнтий аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав, БНХАУ-ын ӨМӨЗО-ны төлөөлөгч Б.Оргил, ОХУ-ын Буриад улсын төлөөлөгч Дугаров Баяр Сономович, ОХУ-ын Халимаг улсын төлөөлөгч Бембеев Евгений Владимирович, Бичиг Соёл, Боловсролын төвийн тэргүүн Д.Ганбаатар нар оролцлоо.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрөгч 2010 онд гаргасан“Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас жил бүр уламжилал болгон уг арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн байна. Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Бичиг соёл-2015” монгол бичгийн уран бичлэгийн Олон улсын үзэсгэлэнд Монгол Улсын 28, Өвөр Монголын найм, Буриад Улсын зургаа, Халимаг Улсын нэг, Франц Улсын нэг, нийт таван орны 44 шилдэг уран бүтээлч, төлөөлөгчид оролцож байгаа аж.
Уг үзэсгэлэн маргааш буюу тавдугаар сарын 22-ны өдрийн 14:00 цагт Монголын Урчуудын Эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд нээгдэнэ. Мөн тавдугаар сарын 24-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотод үргэлжлэн нээгдэх бөгөөд үзэсгэлэнд оролцож буй Монгол угсаатны уран бүтээлчид Их Монгол Улс байгуулагдаж байсан түүхт Хэрлэнгийн хөдөө аралд зочилж түүх соёлын дурсгалт газруудтай танилцах ажээ.
.jpg)


















