“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай
Увс аймгийн ЗДТГ-аас томилогдсон ажлын хэсэг Тариалан сумын нутаг "Бор хавцал" хэмээх газар гар аргаар алт олборлож байгаа иргэд, нөхөрлөлүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг нь сонсож, аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, хуулийн дагуу ажилл
Мэдээллийн алба

Увс аймгийн ЗДТГ-аас томилогдсон ажлын хэсэг Тариалан сумын нутаг "Бор хавцал" хэмээх газар гар аргаар алт олборлож байгаа иргэд, нөхөрлөлүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг нь сонсож, аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, хуулийн дагуу ажиллах талаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлжээ.

ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Б.Бат-Ерөөлтөөр ахлуулсан ажлын хэсэгт ХОХБТХ-ийн Уул уурхай хариуцсан ахлах мэргэжилтэн З.Ганболд, МХГ-ын Улсын байцаагч Б.Сэнгэжав, ЭМНДХ-ийн мэргэжилтэн Батхүү, Увс аймгийн Байгаль орчны иргэний зөвлөлийн дарга, БОУУХ ТББ-ийн тэргүүн, ШХА-ын сургагч багш Т.Цэцэгмаа, ЗДТГ-ын ХМА-ны дарга П.Баттогтох, ОБГ-ын байцаагч, хошууч Д.Пүрэвжав, БОАЖГ-ын мэргэжилтэн Д.Батзул нар ажиллаж хариуцсан чиглэл чиглэлээрээ мэдээлэл хийсэн байна.

Бичил уурхайн холбогдолтой хууль, тогтоомж, хоршоо, нөхөрлөлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын гарын авлагыг тарааж, улмаар ТББ-ын дор нөхөрлөл, хоршоо байгуулж ажиллахын ач тус, ингэснээр ажиллах орчин нөхцөл сайжирч, аюулгүй ажиллагаагаа сайтар хангаж, нийгмийн даатгалд хамрагдах зэрэг тавуу талуудтайг ойлгуулж, хамгаалалтын хэрэгслийг хэрхэн ашиглах, олс болон агааржуулалтын хоолойг хэрхэн шалгах, малтсан нүхээ нөхөн сэргээхэд юуг анхаарах, нөхөн сэргээсэн талбайн байдалтай танилцаж, гар аргаар нөхөн сэргээлт хийх арга аргачлалыг зааж, зөвлөмж өгчээ.

"Бор хавцал"-д гар аргаар алт олборлож байгаа 300-800 хүн байнгын болон түр хугацаагаар ажилладаг гэсэн мэдээлэл бий. Аюулгүй байдлаа хангаагүйн улмаас нүх рүү унаж бэртэх, амь насаа ч алдах тохиолдол гарсан, мөн архидан согтуурах зэрэг зөрчил дутагдлууд гарсаар байгаа нь нөхөрлөл, хоршоодын зохион байгуулалтад орж албажиж ажиллах зайлшгүй шаардлагатай байгаа аж.

Төрийн болон төрийн бус байгууллагаас бичил уурхайчид, хувиараа ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаатай удаа дараа танилцаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсээр байгаагийн үр дүнд зөрчил дутагдал мэдэгдэхүйц багасч байгаа ч Засгийн газрын 2017 оны 151-р тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна.




















