Бичил уурхайн өртөг багатай загвар нөхөн сэргээлт хийх газрууд сонгогдлоо
Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр АНУ-ын Азийн сангаас хэрэгжүүлж буй “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь–II” (ESEC II) төслөөс Бичил уурхайн өртөг багатай нөхөн сэргээлтийн аргачлал боловсруулах ажлыг танилцуулж, бичил уурхайн загвар нөхөн сэргээлт хийх нийт зур
Мэдээллийн алба

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр АНУ-ын Азийн сангаас хэрэгжүүлж буй “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь–II” (ESEC II) төслөөс Бичил уурхайн өртөг багатай нөхөн сэргээлтийн аргачлал боловсруулах ажлыг танилцуулж, бичил уурхайн загвар нөхөн сэргээлт хийх нийт зургаан аймгийн найман газрыг хэлэлцэж, эцэслэн баталлаа.
Эдгээр газруудыг Уул уурхайн яам, Ашигт малтмалын газрын мэргэжилтнүүд болон орон нутгийн байгаль орчны байцаагч нараас бүрдсэн Нөхөн сэргээлтийн газар сонгох ажлын хэсгийнхэн гар аргаар ашигт малтмал олборлосны улмаас эвдэрч сүйдсэн, эзэнгүй орхигдсон 13 газарт хээрийн судалгаа хийж, нөхөн сэргээлтийн аргачлалыг загвар болгон хэрэгжүүлэх нөөц, боломж, бололцоог тогтоосны үндсэн дээр сонгон санал болгосон байна.
Ингэхдээ тухайн газарт хүрч очиход хялбар эсэх, бичил уурхайчид нь хуулийн дагуу зохион байгуулалтад орсон эсэх, орон нутгийн удирдлага нь хамтран ажиллах сонирхолтой эсэх, биологийн төрөл зүйл болон бусад эрсдэл, давуу тал зэрэг олон шалгуур үзүүлэлтийг харгалзан сонгосон бөгөөд эдгээр нь голчлон алтны үндсэн болон шороон орд, жоншны орд ажээ.
Сонгосон газруудад төслийн баг ажиллаж, бичил уурхайгаар эвдэрч, эзэнгүй орхигдсон талбайд загвар нөхөн сэргээлтийн аргачлалыг тухайн газрын бичил уурхайчдын ТББ-тай хамтран хэрэгжүүлэх тухай гэрээ хийж, ажлын төлөвлөгөө боловсруулах юм байна.


















