Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Мэдээллийн алба

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан Эзэн богд Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүлэх хүндэтгэлийн ёслол боллоо.

1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн “Өргөө” байгуулснаар Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Ийнхүү жил бүрийн аравдугаар сарын 29-ний “Нийслэлийн өдөр”-өөр үндэсний өв соёлоороо бахархах, түүхэн ой санамжаа бэхжүүлэх ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өнөөгийн Улаанбаатар хотын үүсэл хөгжил нь Монголын төр, шашин, соёлын түүхэнд гүн мөрөө үлдээсэн Өндөр гэгээн Занабазарын өргөөтэй салшгүй холбоотой. Өндөр гэгээн Занабазарын түүхэн үйл хэрэг, урлаг, соёлд оруулсан үнэтэй хувь нэмэр нь монголчуудын оюун санаа, үндэсний өв соёлын салшгүй хэсэг бөгөөд бидний бахархал, хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхэм нандин өв юм. Өнөөдрийн Улаанбаатар хот бол Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, боловсролын төв төдийгүй улс орны хөгжил дэвшлийг түүчээлэн манлайлж буй их хот билээ. Бид хотынхоо ирээдүйг бүтээн байгуулахын зэрэгцээ өвөг дээдсээс уламжлан ирсэн түүх, соёлын өвөө хадгалан хамгаалж, орчин цагийн хөгжилтэй уялдуулан хойч үедээ өвлүүлэх эрхэм үүрэгтэй. Нийслэлийн өдрөөр Эзэн богд Чингис хааны эш хөрөг, монголчуудын түүхэн ой санамж, хэл соёл, үндэсний ухамсар, оюун санааны үнэт өв болсон Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, монгол түмний сэтгэл зүрх, нүүдэлчин ахуй, үндэсний бахархлыг аялгуу эгшгээрээ илэрхийлдэг нийслэлийн сүлдэт морин хуураа цэнгүүлж байна” гэв.























